Д.Содномжамц : "Эко" хороолол, "Гранд гарден"зэрэг орон сууцны оршин суугчдаас халаалалтай холбоотой асуудалд төр бүх бурууг үүрэх боломжгүй

 

Өвлийн сар гарч, хүйтний эрч чангарч байгаа эдгээр өдрүүдэд шинэ орон сууцны хорооллын оршин суугчид  халаалтгүй зутарч байгаа талаар манай сайтанд иргэдээс гомдол ирсний дагуу  уг  асуудлыг тодруулахаар “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамцаас  халаалттай холбоотой асуудлаар зарим асуултанд  хариулт авлаа

-“Эко хороолол”-ын 100 гаруй айл өрхөөс гомдол тасрахгүй байна. Эхний эгнээний айлуудад халаалт очсон атлаа бусад айлуудад огт халаалт алга саяхан шинэ ялтсан бойлур сольж, засвар хийгдсэн гэсэн ч оршин суугчдын 90 хувь нь дулаанаа авч чадахгүйд хүрсэн гэсэн мэдээлэлтэй байна. Мэргэжлийн байгууллагын хувьд  иргэдэд ямар мэдээлэл өгөх вэ?

-Эко хорооллын 270 гаруй м шугамыг солиод дууссан. Үргэлжлэл ажил болох ЦТП доторх ялтсан бойлур болон насос өргөтгөх ажил хийгдээгүй байна. Эдгээр ажил хүлээгдээд байгаа шалтгаан нь худалдан авах ажиллагааны тендерээс хамаарч материал нийлүүлэлт хараахан хийгдээгүй байгаатай холбоотой. Одоо байгаа ялтсан бойлурын ачаалал нийтэд нь халаах боломжгүй, хүчин чадал муу байгаа тул нэг айлд хүрч байгаа температур нь бага байгаа юм. Мөн эхний эгнээний айлуудад халаалт сайн, хойд хэсгээрээ тааруу байгаа бол энэ нь тохируулгатай шууд холбоотой. Энэ гомдол өнөөдөр ирсэн. Горим тооцооны инженер маань засварын бригадтай тухайн бүсэд ажиллаж байгаа тул тохиргоог хийгээд болох байх.

-Эко хорооллынхон дулаан өвөлжих боломжтой юу, техникийн нэмэлт ажил хийгдэх үү?

-Тухайн хорооллын айл өрхүүд дулаан өвөлжих боломжтой. Бид ялтсан бойлур, насосыг томсгосноор халаалтын хувьд асуудалгүй болно. Гэхдээ нэг санаа зовж байгаа асуудал нь, хуучин шугам сүлжээ яах бол гэдэг байна. Өнгөрсөн 7 хоногт 8 айлын шугам цоорч, 5-ыг нь засварлаж, 3-т нь засвар үйлчилгээ хийгээд явж байна. Насосыг томсгосноор хуучин байснаасаа даралт тодорхой хэмжээнд өснө, хуучин шугам сүлжээ нь шинэ насосын даралтыг даах болов уу, энд тэндээ цоорох болов уу гэсэн айдас бас байна. Шугамын цоорол хаанаа гарсныг багажаар хэмжих, үзэх, оношлох, камер явуулах боломжгүй байгаа.

-Анхнаасаа хамгийн муу тоног төхөрөөмжтэй байсан зүйлийг төр даагаад ажлыг нь нуруундаа үүрч явна. Энд хариуцлагын тогтолцоо яригддаг уу? Суурь муу зүйл дээр мэргэжлийн байгууллага ажиллахад хүндрэл их гарч байгаа санагддаг?

-Хариуцлагын хувьд аймгийн Хууль эрхзүйн хэлтэс дээр тухайн үеийн улсын комисст ажилласан хүмүүсийг дуудаж уулзаад, арга хэмжээ авч байгаа юм шиг байна. Энэ тал дээр нарийн сайн мэдээлэл алга. Халаалтын систем хөгжлийн үе шаттай байдаг. Одоогийн шинэчлэгдсэн технологи нь бүтэн нэвтрэлттэй суваг буюу хонгилын систем ажиллаж байгаа.

-“Grand garden” хотхоноос халаалттай холбоотой гомдол оршин суугчдаас  ирсэн. Барилгын гүйцэтгэгч нь “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ийг буруутгасан мэдээллийг оршин суугчдадаа өгсөн байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-2А, Grand garden, Platinum plus, Deedes tower, Royal castel гэсэн 5-6 аж ахуйн нэгж шинэ орон сууц барьж, айл өрхүүддээ дулаан халаалтаа өгөөд явж байна. Эдгээрээс ганц Grand garden хотхон дээр асуудал үүсээд байгаа юм. Уг нь адилхан л ЦТП, адилхан л тоног төхөөрөмжөөр бүгд халаалтаа авч байна. Гэхдээ Grand garden-ы зураг төсөлд нь ЦТП-ээс гадна орон сууцны байрны хонгилд холигч насосны узель тусгагдаагүй юм билээ. Манай байгууллагын зүгээс зурагт тусгагдаагүй ч 8-аас дээш давхартай барилгууд заавал холигч насосны узель байрлуулах шаардлагатай, тэгж байж байр нь хална гэдгийг сануулж хэлсэн. Нийт 4 блок байрны 2-т нь холигч насосны узель тавьсан ч ажиллуулаагүй байгаа гэж дуулдсан. Эхний хоёр блокын айл өрхүүд манайтай гэрээ байгуулсан тул бид бас “Яагаад насосыг ажиллуулахгүй байгаа вэ” гэдэг дээр шаардлагаа тавьсан. Гэтэл холигчийг ажиллуулахаар сүүлийн ашиглалтад орсон 2 байрныхаа дулааныг булаагаад, халахгүй байгаа тухай яриад байна. Ямартаа ч манай байгууллагад “Суурилуулахад хамтарч ажиллана уу” гэсэн албан бичиг ирсэн. Тухайн байгууллага энэ асуудлаа мэдээд, манай руу хандаад байгаа боловч оршин суугчдадаа арай өөр тайлбар өгөөд байх шиг байна. Ер нь бол “Орон сууцны тухай” хуулиар Гүйцэтгэгч компани нь эхний 3 жилдээ тухайн орон сууцанд гарч байгаа бүх асуудлыг шийдвэрлэх ёстой. Манай байгууллага эхний 3 жилд нь ус алдах болон яаралтай дуудлагаас бусад зүйлд очих үүрэг хүлээдэггүй.

-Улсын комисс хүлээн аваагүй болон Гүйцэтгэгч компаниас шалтгаалсан иймэрхүү асуудалд иргэд бас үнэн зөв мэдээлэлтэй, ойлголттой байх хэрэгтэй юм шиг байна. Мэргэжлийн хүний зүгээс та үүнийг хэрхэн харж байна, юу гэж хэлэх вэ?

-Хууль дүрмээ зөрчөөд байхаар ийм асуудал үүсээд байна. “Улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжийг дулаан, усаар хангахыг хориглоно” гэсэн ч бид хангаад л явж байна. Иргэд нь хүчтэй юу, хууль нь хүчтэй гэдгийг хэлэхэд хэцүү байна. Ер нь энэ асуудлыг яаралтай шийдэх л шаардлагатай.

-“Grand garden”-ы оршин суугчдад хандаж мэргэжлийн байгууллагын зүгээс өгөх мэдээлэл

-Халаалтын хувьд миний ойлгож байгаагаар, гүйцэтгэгч компани холигч насосын узелиэ авчихсан. Тэд манайхаар суурилуулалт хийлгэнэ гээд хүлээгээд байгаа. Гэтэл манайх гадна шугамын аваар гэмтэл ихтэй байгаа тул тэр ажил руу хүч хаяад орж чадахгүй байна. Харин өөрсдөө хийх, яаж угсрах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгье гэдгээ манай талаас хэлсэн. Оршин суугчид шинэ байранд орлоо гэхэд асуудлыг нь “Эрдэнэт-Ус ДТС” болон иргэн яагаад хариуцаад явах ёстой гэж. Сантехникийн асуудал гарахад иргэд манай руу холбогддог. Гэтэл тухайн компани бүх асуудлаа хариуцаж байгаа тул гүйцэтгэгч компаниа л сайн шахаж шаардах хэрэгтэй байгаа юм. Гэрээгээ сайн үз, судал, танилц гэж иргэдэд зөвлөе. Ер нь  төр бүхнийг хариуцдаг бус иргэд ч үүргээ биелүүлж худалдан авч байгаа орон сууцныхаа талаар гэрээгээ нягталж шалгаж шаардаж байх ёстой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%