-16C°/-4C°
Үүл багаснa
Аймгийн ИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2024 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, иргэдэд шинээр газар олгох тухай асуудал бус. Газар эзэмшээд өмчлөх эрхээ баталгаажуулаагүй иргэдийн асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хууль 2002 оны зургаадугаар сард батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
2003 оноос гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж буй 23948 иргэн өөрийн хүсэлтээр газраа өмчилж авах өргөдлөө цахим болон цаасан хэлбэрээр гаргасан байдаг аж. Үүнийг жил бүр аймгийн ИТХ-аар хэлэцүүлэн батлуулдаг. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 21269 иргэнд 1652,06 га газрыг өмчлүүлжээ. Мөн өнгөрсөн онд 283 иргэний 23.56 га газрын өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.
Газар өмчлүүлсэн байдлыг сүүлийн гурван жилээр авч үзвэл
2024 онд 449 иргэнд 32,42 га газрыг нь өмчлүүлэхээр цахим бүртгэлд бүртгэжээ.
Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болдбаатар “2024 оноос эзэмшиж буй газраа өмчилж авах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг цаасаар хүлээж авахгүй. Газар өмчлүүлэх асуудал тухайн иргэн өөрөө хүсэлт гаргасны үндсэн дээр шийдвэрлэгддэг. Тиймээс ирэх оноос иргэдийн хүсэлтийг цаасаар биш цахимаар хүлээн авах ажил улсын хэмжээнд өрнөнө” гэх мэдээллийг өгөв.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор ИТХ-ын дарга Д.Мөнхбат “ Жил бүр 200,300 иргэнд газар өмчлүүлэх асуудлыг оруулж ирж, хэлэлцүүлдэг нь иргэдэд буруу ташаа ойлголт өгч байна. Шинээр газар олгоод байгаа юм шиг буруу ойлголтыг иргэдэд төрүүлээд байна шүү дээ. Тиймээс эзэмшиж газраа өмчилж авах иргэдийн асуудлыг 2024 онд багтааж нэг мөр дуусгавар болгоход анхаар. Угтаа бол одоо эзэмшиж газрынхаа өмчлөх эрхийг баталгаажуулаагүй иргэдийн асуудлыг жил бүр аймгийн ИТХ-аар хэлэлцэж байгаа. Үүнийг иргэд шинээр газар олголоо гэж ташаа ойлгоод байна” гэлээ.
Аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд “Газрын харилцааны чиглэлээр баримтлах бодлого арванхоёрдугаар сард хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Тэр үеэр ИТХ-ын дарга Д.Мөнхбатын гаргасан саналыг оруулах нь зүйтэй” гэсэн санал гаргалаа.
СЭТГЭГДЛҮҮД /0/