Ц.ЭРДЭНЭЧИМЭГ: “260 айлын орон сууц”-ны журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна

"260 айлын орон сууц” буюу “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олон талын мэдээлэл хүрсэн. Энэ удаад тус орон сууцны борлуулалт болон журамд өөрчлөлт оруулах асуудалтай  холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр Орон нутгийн Өмчийн газрын Ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгээс дараах асуултад тодруулга бэлтгэлээ.

-Одоогоор орон сууцны борлуулалтын 80 орчим хувь нь хийгдсэн тухай мэдээллээ. Ажлын хэсгээс боловсруулсан журамд, “Гэр хороололд 5-аас дээш жил амьдарсан байх” гэсэн заалтыг амьдралд нийцэхгүй байгаа талаар иргэд хандаж байна. Уг заалтад өөрчлөлт оруулбал залуу гэр бүлүүд хамрагдах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Та ажлын хэсгийн нарийн бичгийн хувиар мэдээлэл өгөхгүй юу?

-Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны №13-08 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Уртын гол багт баригдсан 260 айлын орон сууцны байрыг худалдан борлуулах ажил явагдаж байна. Борлуулалт өнөөдрийн байдлаар 84,4 хувьтай байна. Иргэдээс захиалга авч байх үед нэг шаардлага гараад байгаа юм. Энэ нь тухайн журмын 2.2.4-т “Сүүлийн 5 жил гэр хороололд амьдарсан байх” гэдэг заалт орсон. Энэ заалтаас хамаарч бүртгүүлсэн иргэдийн нэлээдгүй хувь нь хасагдсан. Тиймээс иргэдийн саналын дагуу ажлын хэсгээрээ хэлэлцээд, аймгийн ИТХ-аар журамд өөрчлөлт оруулах талаас нь бэлтгэл ажлыг хангаж байна.

-Заалтад хамаарах иргэдийн талаар судалж үзсэн үү, яагаад заавал гэр хороололд амьдарсан байхыг илүүтэй тусгасан юм бэ?

-Гэр хороололд 5 жил амьдарсан гэхээр, Нэгдүгээрт, Орхон аймагт ажиллахаар ирсэн хүчний байгууллагын алба хаагчид байна. Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж амьдрах иргэд, багш, эмч нарыг дэмжсэн Засгийн газрын тогтоолыг журамд тусгах үүднээс ажлын хэсгийн нарийн бичгийн хувьд журмын өөрчлөлтийг хийж байна. Ажлын хэсэг хуралдаж, Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлсний дараа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулна.  

-Журмын өөрчлөлтийг тодруулж болох уу?

-Улсын бүртгэл талаасаа жил заахгүйгээр, тухайн орон нутагт шилжин ирсэн иргэнийг оруулахаар ярьж байна. Ингэхдээ тухайн иргэн 2023 оны 11-р сарын 15-ны өдөр шилжин ирсэн бол Орхон аймгийн харьяат болж байгаа гэдгээрээ хүлээн авна. Нэг жил болж байгаа гээд заачихвал хамрагдах боломжгүйгээр хасагдах хүмүүс их гарна. Тиймээс уян хатан бодлого барьж, дээрх заалтаас гадна “гэр хороололд амьдардаг” гэсэн заалтаа барина.

-Одоо хэд орчим байр үлдсэн гэсэн үг вэ? Иргэдээс материал авч байгаа юу, эсвэл журмын боловсруулалт дуустал хүлээж байх уу?

-Энэ оны 07 сарын 25, 26-нд, мөн 09-р сарын 20, 21-нд нэмэлт бүртгэл хийсэн. Одоо 8 байранд дахин материал хүлээн авна. Үүнийг ажлын хэсгээрээ энэ 7 хоногт хуралдаж, дахин материал хүлээн авах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв уг 8 байранд материал хүлээн авбал хуучин материалаараа явахаас аргагүй. Шинэчилсэн журам нь 12 дугаар сарын эхээр хуралдах хурлаар орох болов уу гэсэн хүлээлттэй байна. 3-р блок байр 12 дугаар сард ашиглалтад орно гэдгийг компанийн зүгээс мэдэгдсэн. Энэ тохиолдолд шинэчилсэн журмаар шийдвэрлээд явах боломжтой.

-Нийт борлуулалтын хэдэн хувийг залуу гэр бүлүүд эзэлж байна вэ?

-Төрөөс орон сууцны байр авч байгаагүй, одоо орон сууцны байргүй, гэр хороололд 5 жил амьдарсан байх гээд 5 үндсэн шаардлага тавьсан. Үүнд, залуу юмуу ахмад настан түлхүү байгаа гэх зэргээр хэн нэгэн бүлэг давамгайлсан зүйл байхгүй. Бүх хүнд л боломжийн өртөгтэй орон сууц хэрэгтэй нь харагдаж байна.

-Иргэд “Түрээсийн орон сууц”-ны талаар их сонирхож байна. “Аз, “Залуус”, “Баян-Өндөр эко хотхон”-оос гарч байгаа, байраа суллаж байгаа айл өрхийн оронд иргэдээс дахин сонгон шалгаруулалт зарлаж, нөхөн оруулах боломж байх уу?

-“Баян-Өндөр хотхон”-ы иргэд 2016 онд энгийн түрээсээр иргэд нь сонгон шалгаруулалт хийгээд орсон байдаг. Түрээс хариуцсан мэргэжилтэн ашиглалтын талаар илүү тодорхой мэдээлэл өгөх байх. “Аз” хотхон дээр төрийн ОСК-ийн захиалгаар баригдсан байр бий. Уг байр нь Засгийн газрын тогтоолоор 5 жил түрээслээд өмчлүүлэх гэсэн зохицуулалттай. Иргэд амьдарч байх хугацаандаа 30  болон түүнээс хувиа байршуулаад өөрийн болгож авах гэрээтэй тул дараагийн иргэн орох гэсэн ойлголт байхгүй. Аймагт хэрэгжиж байгаа орон сууцны хөтөлбөрийн хүрээнд хамгийн эхэнд хэрэгжиж байгаа төсөл нь “260 айлын байр” байна. Энд энгийн түрээсийн хэлбэргүй тул журмаа барихаас өөр аргагүй байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%