Гаднынхныг татаж, жуулчдын овоо харааг Монгол руу төвлөрүүлэхийн тулд хэрэгжүүлсэн ажлын нэг нь Монголыг “мода”-нд оруулах.
Олон дагагчтай, гаднын инфлюнсерүүдийг урьж, эх орныхоо тухай нэвтрүүлэг бэлтгүүлж, гадаадын хэвлэлүүдээр цацаж, гаднын зочид оролцсон олон улсын чанартай хурал, зөвлөгөөн зохион байгуулав. Тоо сөхвөл, 2023 оны эхний хагас жил хамгийн өндөр хандалттай 41 мэдээллийн сувгаар 89 контент цацсан бөгөөд тэдгээр нь 21 сая хандалтыг авчээ. Түүнчлэн БОАЖЯ болон Соёлын яам хамтран өнгөрөгч наймдугаар сард NasSummit-2023 олон улсын нөлөөлөгчдийн хурлыг зохион байгуулав. Тус хуралд 23 контент бүтээгч, нөлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсыг сурталчилсан богино хэмжээний контент хийж, дэлхий даяар нийт 63 сая хүнд хүргэжээ. Мөн гадаадын 16 нийгмийн сүлжээний флатформд 960 контент байршуулж, давхардсан тоогоор 40 сая гаруй хандалт авч чадсан байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын талаарх мэдээлэл нийтдээ 500 орчим сая хүнд хүрсэн гэдгийг салбар яам мэдээлсэн.
Олсон орлого нь ч, далласан жуулчид нь ч түүхэн дээд хэмжээнд хүрчихлээ гээд ханасангүй. Аялал жуулчлалын салбарын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж, энэ шугамаар улсаа дэлхийд сурталчилна гэх зорилго өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг рүү явж эхэллээ. Одоо өвлийн аялал жуулчлал, Цагаан сарыг сурталчлах инфлюнсерүүдийн баг ирэхээр бэлтгэж байгаа аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ
"Өнгөрсөн хугацаанд нийтдээ Монгол Улсын талаарх мэдээлэл 500 орчим сая хүнд хүрсэн амжилттай байна. Мөн манай улсыг зорьж ирсэн жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Одоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарч, нэгдүгээр сарын 1-нээс баазыг шинэчлэх, хөрөнгө оруулалт хийх, хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлнэ."
Зөв төлөвлөгөө, оновчтой менежменттэй ажиллаж чадвал байгалийн үзэсгэлэнт тогтоц, үл шавхагдах баялгаараа орлого төвлөрүүлж, валют даллах бүрэн боломжтойг бид улирч буй нэг жилийн хугацаанд нийтээрээ үзлээ. Сайн хэрэг. Цаашдаа бодлого, төлөвлөгөөгөө илүү чамбайруулж, дэд бүтэц, үйлчилгээний чанар, хүртээмжээ нэмэгдүүлж чадвал үүнээс ч ихийг улсын төсөвт бүрдүүлэх боломж атганд бий.
















СЭТГЭГДЛҮҮД /0/