126 гишүүн тодрох анхны сонгууль олон зүйлээрээ ялгаатай сонгууль
УИХ-ын сонгуулийн тойргийг урьд өмнө нь хэрэгжүүлж байгаагүй хувилбараар байгуулсан нь ганцхан аймаг, дүүргээ усалж байсан улстөрчид, амьдарч буй аймаг, дүүргийнхээ л төлөөллийг сонгодог байсан сонгогчдын хувьд гэнэтийн бөгөөд сонирхолтой шийдвэр болсон гэж улс төр судлаачид дүгнэж буй. Нэр дэвшигчид тоосоо өргөхөөр төлөвлөж байсан аймаг, дүүргээсээ гадна нэгээс хоёр аймаг, дүүрэгт ажиллаж өөрийгөө танилцуулах шаардлагатай болов. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-26-ныг дуустал буюу 17 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд гурван аймгаар явж сонгогчидтой уулзана гэдэг амаргүй. Нэр дэвшигчдийн санааг хамгийн ихээр зовоох бас нэг асуудал бол сонгогчдын ирц. Унаган нутаг, усалсан тойргийнх нь сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож байж тухайн нэр дэвшигч сонгогдох магадлалтай. Гурван аймгийг нийлүүлэн нэг тойрог болгосон ч монгол хүний цусанд хадгалагдсаар л байгаа жалга довны үзэл энэ сонгуульд нөлөөлнө. Зөвхөн 4-р тойрогоор авч үзэхэд Хөвсгөлын хүн Эрдэнэт ,Булганы хүн Хөвсгөлын улстөрчдийг сонгох нь юу л бол гэсэн болгоомж бий. Сонгогдсон улстөрч нь ч нэн тэргүүнд нутгаа л гэнэ. “Бүсгүй тосгоноос явсан ч тосгон түүнээс явсангүй” гэдэг шиг тойрог нь томссон ч төрсөн нутаг нь нэг хэсэгтээ л тухайн улстөрчийн бодлоос салахгүй. Нэлээд хэдэн ийм сонгуулийн дараа л нутгаа бус, бүсээ гэх хандлага бий болно. Сонгогчид ч сонгуульдаа идэвхтэй оролцож бусад аймгийн сонгогчидтой өрсөлдөн аймаг орон нутгаа УИХ-д төлөөлөлтэй байлгахыг хүснэ.
Нөгөөтэйгүүр сонгогчид төрийн эрхийг барьдаг ганцхан өдрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Бас сонгуулийг зохион байгуулж буй зардал нь таны татварт төлсөн мөнгө гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв сонгуулийн ирц бүрдэхгүй бол энэ мөнгө үр дүнгүй зарцуулагдаж дахин зарлага гаргах шаардлагатай болно
"Бүх саналын хуудсыг гараар тоолохоор хуульчилснаас гадна сонгуулийг бүсчилж томсгосон тойргоор зохион байгуулж байгаа нь саналыг 100 хувь гараар тоолох процессыг удаашруулна. Учир нь, нэг саналын хуудсанд олон хүний нэр бичигдэх учраас гараар тоолоход түвэгтэй."
Сонгогч саналаа өгөхдөө тойргийнхоо мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнө тэмдэглэгээ хийж сонгохоос гадна нэг улс төрийн намд давхар саналаа өгөх ёстой. Хэрэв мандатын тоотой тэнцүү хэмжээний сонголт хийхгүй бол санал хураах төхөөрөмж хүлээж авахгүй саналыг хуудсыг тэр дор нь буцааж гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, 10 мандаттай тойргийн сонгогч ес, эсвэл 11 хүний төлөө саналаа өгч болохгүй. Харин хэний ч төлөө саналаа өгөхгүй цагаан сонголт хийх боломжтой ажээ.
















СЭТГЭГДЛҮҮД /0/