ТАНИЛЦ: МАН-аас 4-р тойрогт нэр дэвшигчид....

Хойд бүсийн тойрог гэж нэрлэгдэж буй 4-р тойрогт Орхон аймагт багтаж буй.

Эрдэнэтчүүдийн хувьд аль ч сонгуулиар аль нэг намд дангаар нь итгэл үзүүлж байсан тохиолдол тун ховор. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас ганц суудал авсан нь Д.Батлут тэрээр  энэ удаагийн сонгуулиар мөн МАН-аас нэр дэвших бөгөөд Хөвсгөл, Булган аймгийн сонгогчдод танигдах давхар үүрэгтэй. Эрдэнэтийн гэх угшилтай түүний хувьд Хөвсгөл,Булган аймагт таних сонгогч тун ховор. Аймгийн намын хорооны даргаар ажилладаг түүнд асаалттай танк шиг ард нь зогсох ардын намын гишүүд дэмжигчид бий. Өнгөрсөн 4 жилд жингээ хасч эрүүл мэнддээ анхаарсан түүнийг зарим иргэд танихгүй өнгөрчих гээд сандаргаж байгаа гэх. 

МАН-аас 4-р тойрогт нэр дэвших эрхээ арын хаалгагүй нэр цэвэр  рейтинг өндөртэй авсан эрхэм бол БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ байв. Түүний улирдсан яам улирч буй 2023 онд жилийн орлого нь тэрбум ам.доллар давж, улсын төсөвт өгөөжөө өгсөн нэн чухал, нэг “шинэ” салбар нь аялал жуулчлалд онцгой хурдтай ажилласан явдал байлаа. Үүний үр дүнд 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар манай улсад нийт 600 мянга гаруй жуулчин ирсэн байна. Монголбанкны судалгаагаар нэг жуулчин дунджаар 2000-2048 ам.долларын орлого оруулдаг гэх тооцоо бий. Ийнхүү жуулчид нэг тэрбум гаруй ам.доллар буюу 3.8 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулсан гэдгийг салбар яам мэдээлсэн юм. Энэ нь Монголын дараагийн нөөц гэгддэг ноолуурын экспортын орлогыг давсан үзүүлэлт болж чадсан юм.

500 сая хүнд хүрсэн сурталчилгаа Гаднынхныг татаж, жуулчдын овоо харааг Монгол руу төвлөрүүлэхийн тулд хэрэгжүүлсэн ажлын нэг нь Монголыг “мода”-нд оруулах. 

Олон дагагчтай, гаднын инфлюнсерүүдийг урьж, эх орныхоо тухай нэвтрүүлэг бэлтгүүлж, гадаадын хэвлэлүүдээр цацаж, гаднын зочид оролцсон олон улсын чанартай хурал, зөвлөгөөн зохион байгуулсан гээд Б.Бат-эрдэнэ сайдын хийж хэрэгжүүлсэн ажлуудаар Монголчууд бахархав.Зөв төлөвлөгөө, оновчтой менежменттэй ажиллаж чадвал байгалийн үзэсгэлэнт тогтоц, үл шавхагдах баялгаараа орлого төвлөрүүлж, валют даллах бүрэн боломжтойг бид улирч буй нэг жилийн хугацаанд нийтээрээ үзлээ. Сайн хэрэг. Цаашдаа бодлого, төлөвлөгөөгөө илүү чамбайруулж, дэд бүтэц, үйлчилгээний чанар, хүртээмжээ нэмэгдүүлж чадвал үүнээс ч ихийг улсын төсөвт бүрдүүлэх боломж атганд бий.Түүнийг МАН-аас ийнхүү 4-р тойрогт илгээж байгаа бололтой. 

МАН-аас эмэгтэйчүүдийн квотоор “Эрдэнэт” үйлдвэрийн  захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга, Хойд бүсийн хөгжлийн төв ТББ-ын ТУЗ-ын дарга Д.Үүрийнтуяа 4-р тойрогт нэр дэвшихээр эрхээ баталгаажуулав.. Тэрээр улс төрд шинэ хүн биш бөгөөд өнгөрсөн 6 жилийн хугацаанд уул уурхайн салбарт эрчүүдтэй энэ зэрэгцэн мэргэшиж  мэдлэг боловсролоороо ялгарч  чухал шийдвэрүүдтэй нүүр тулсан цар тахлын үеүүдэд мэдрэмжтэй шийдвэр гаргаж ажилласан нэгэн гэдгээр нь Эрдэнэтчүүд тэр дундаа уурхайчид үнэлж дүгнэсэн байдаг. Тэрээр Орхон аймгийн эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн даргын албыг мөн хашдаг бөгөөд уурхайчин бүсгүйчүүд  Үүрээ даргыгаа гар өргөн дэмжиж буй.

Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хойд бүс буюу 4-р тойрогт  нэр дэвшинэ. Тэрээр УИХ-ын гишүүн асан, ОХУ-д суух Элчин сайд Ө.Энхтүвшиний хүү. 2020 оны сонгуулийн дараа Барилга хот байгуулалтын сайдаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Э.Золбоо улстөрч аавын нэр хүнд, нөлөөгөөр өнөөдрийг хүрсэн гэж хэлэхэд болно. Боловсролын зээлийн сангаар АНУ-д сурч, ковидын үеэр жирийн иргэд эх орондоо ирж чадахгүй байхад тусгай үүргийн онгоцоор Э.Золбоо ирж, мөн л улстөрч аавын нөлөөг үзүүлж байв.Тэрээр 4-р тойрогт нэр дэвших эрхээ баталгаажуулсан гэх 


Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хойд бүст нэр дэвшихээр тойргоо услаад удаж байгаа. Б.Баярмагнай У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны долдугаар сард Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон билээ. Тэрээр МАН-ын бага хурлын гишүүн бөгөөд Булган аймгийн квотоор Бага хурлын гишүүн болсон. Аав нь Булган аймгийн Дашинчинлэн суманд төрсөн гэдгээс өөр Булган аймагтай хамаатах зүйл түүнд үгүй. Гэхдээ Булган аймгийн квоттой МАН-ын Бага хурлын гишүүн учраас энэ бүст нэр дэвшихээр горилж байна.

Хөрөнгө чинээтэй айлд өсөж, тэр давуу талаараа гадаад, дотоодод галуу шувууны мах идэн, боловсрол мэдлэгтээ ч гайгүй хөрөнгө оруулалт хийсэн баячуудын хүүхдүүд эцэг, эхийн замналаар улс төрд шургалдаг нь нэгэнт жам болжээ. Тэдний нэг нь  Элчин сайд асан Ц.Жамбалдоржийн ганц охин Ж.Тана. Дэлхийд нэртэй Харвард, Оксфордын их сургуулийг дүүргэсэн тэрбээр МАН-аас 4-р тойрогт нэр дэвшихээр горилж байна 

Хөвсгөл аймгийн хувьд УИХ-д суух гурван төлөөллөө өнгөрсөн 4 жилд  МАН-д итгэл хүлээлгэж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн нарыг сонгосон . УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2012 оноос хойш, Ц.Даваасүрэнгийн хувьд 2008 оноос хөвсгөлчүүдээс тасралтгүй итгэл хүлээж, сонгогдож буй. Харин Б.Мөнхбаатарын хувьд 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд сонгогдож байсан. Энэ удаад Л.Энх-Амгалан, Б.Мөнхбаатар нар тойрогтоо нэр дэвшихээр баталгаажсан байна. Харин эдгээр эрхэмүүдийг Эрдэнэтчүүд бол сайн мэдэхгүй сайдын албаар нь таних төдий. 

Булган аймгийн хувьд өнгөрсөн 2020 оны сонгуулиар МАН-д итгэл хүлээлгэсэн ч орон нутгийн сонгуулиар АН-д итгэл хүлээлгэж, өнгөрсөн дөрвөн жил тус аймгийг АН удирдсан байна. 2020 онд Булган аймгийг  төлөөлж  УИХ-ын гишүүнээр Ц.Анандбазар , Ж.Бат-эрдэнэ нар сонгогдсон. Ц.Анандбазарын хувьд МАН-аас сонгогдсон ч дуулиан, шуугиантай олон асуудалд холбогдож, намаасаа хөөгдсөн. Тиймээс ч намын гишүүн биш учраас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэсэн мэдээлэл гарах болсон ч түүний хувьд бие даах эсвэл Үндэсний эвсэлд нэгдэж, нэр дэвшихээр улс төрийн хүрээнд уулзалтууд хийсэн гэх яриа гарах болсон. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хувьд 2016, 2020 оны сонгуульд өрсөлдөж, булганчуудаас итгэл хүлээж байсан учраас энэ удаад тойрогтоо намаасаа нэр дэвших эрхээ авч чаджээ. Түүнтэй хамт дөрөө харшуулахаар  Соёлын дэд сайд  П. Баттөр нэр дэвших нь ээ

 

4-р тойрог 8 мандаттай МАН-аас 8 нэр дэвшигч энэ тойрогт өрсөлдөнө. 

МАН-аас энэ тойрогт бидний олны танил бус нэг хүнийг илгээсэн нь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг тэрээр улс төрийн акулуудтай нэг тойрогт өрсөлдөх бололтой.

4-р  тойрогт Хөвсгөл аймаг 24 сумын 100 мянган км квадрат газар нутаг, Булган аймаг 16 сумын 49 мянган км квадрат газар нутагт  Орхон аймаг төв, хөдөөний хоёр сумтай, 84 км квадрат газар нутагтай. Нэр дэвшигчид нийтдээ хөдөөний 41 сумаар 180 гаруй мянган сонгогчдод 16 хоногийн хугацаанд хүрч сонгуулийн сурталчилгаагаа хийнэ. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар албан ёсны сурталчилгаа эхлэх юм.

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%