"Хүний хүү хүрэн бөөртэй" ......

Насанд хүрсэн том хүний хувьд ухаан нь, ухамсар нь, боловсрол нь эзнээ удирдаж, үйл ажиллагааг нь чиглүүлж байдаг. Харин хүүхдүүдийн хувьд бол эцэг, эх нь, ах, эгч нар нь, багш нь удирддаг.

Улс, үндэстэн, ард түмэн гээд томроод ирэхлээр удирдагч нь төр, засаг болдог.

Дэлхий дахины хэмжээнд бол удирдагч нь Нэгдсэн Үндэстний Байгууллага...

Ухаалаг, өндөр боловсролтой, зөв хүмүүжил, ёс суртахуунтай хүмүүс сайхан амьдардаг, ихийг бүтээдэг. Хууль дээдэлдэг, хариуцлагатай, чадварлаг төр, засаг бүхий ард түмэн, улс үндэстэн айх аюулгүй, эрүүл, баян чинээлэг аж төрдөг. Ковид-19-ийн үед энэнийг дээр, дооргүй , их, багагүй нилээд сайн ойлгосон байх. Энэ бол саяхны л жишээ, сургамж. Дэлхий дахины түүхэнд энэнээс ч тод, энэнээс ч том жишээ, сургамж олон буй...

Монгол хүмүүс түүхийн цаг хугацаанд  өөрөө өөрийгөө л удирдаж, аюулгүй байдлаа хангаж, аж амьдралаа дээшлүүлж, бусадтайгаа зэрэгцэн оршиж байжээ. Харин Монгол угсаатан болж томроод, Монгол улс болж нэгдээд төр, засагтай болжээ. Төр, засгийн үүрэг нь эдүгээ Монголчуудын аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлж байх явдал болж хэлбэржиж төлөвшжээ. Ийм шаардлагыг хангах чадваргүй төр, засаг сохор зоосны ч үнэгүй. Энэ бол дэлхий нийтээр мөрддөг, баримталдаг ганц, гол зарчим, үнэлгээ. Аль ч улс орны төр, засаг эрх баригчид үндсэн хууль бусад хуулиар олгогдсон их эрх эдэлж, их хөрөнгө захиран зарцуулж, өндөр цалин, хангамж авч, тусгай хамгаалалтын дор "дур зоргоороо" шахам амьдардаг. Зөвхөн хуулиар олгогдсон эрхийг л эдлэх ёстой байтал улс төрчид, эрх баригчдын ихэнх нь тийм өндөр соёлтой байж чаддаггүй. Ялангуяа ард иргэд нь боловсрол багатай, дуулгавартай, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намуудын олонхи нь хулхи, удирдах хүмүүс нь авилгачид, ард олноо өрөвдөх, өмгөөлөх сэтгэлгүй популистууд байх аваас тэр улс орон бүх талаар доройтож, хямарч, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг, архидалт, мансуурал, хулгай, луйвар ноёрхсон өрөвдмөөр, жигшмээр байдалтай болдог.

Заримд нь бүр иргэний дайн гарч, бослого, үймээн дэгдэж, хүүхэд, хөгшид нь өлбөрч, ёстой там болж хувирсан тохиолдол ч гарсан удаатай. Шинжлэх ухааны нотлогдсон мэдлэг, үнэн мэдээлэлд тулгуурлан улс орон, ард түмнээ зөв, оновчтой удирдаж хөгжил, дэвшилд хүргэхийг чин сэтгэлээсээ хүсдэг, тэр хүслээ биелүүлж чадах түвшний мэдлэг, боловсролтой, ардчилсан үзэл, ухамсартай бие хүнийг улс төрч гэдэг. Ийм хүн өөрийгөө бүрэн золиослоод ч болов ард түмэн, эх орноо өөд нь татахыг хичээдэг. Гэтэл манай ихэнхи "улс төрчид" эх орноо золиослоод ч болов баяжих, хөрөнгөжихийг оролдож ирсэн нь гутамшиг, эмгэнэл юм. Хулхи, тоглоомын, компанийн нам байгуулж, худал сурталчилгаа хийж, сонгогчдыг хуурч, санал худалдан авч, луйвар, булхайгаар төр, засагт шургалан орсон хүмүүсийн ихэнхи нь эх орны ашигт малтмал, ард нийтийн өмч, улсын төсөвд хачир, хувалз мэт шигдэж, авилга авч, луйвар хийж, эрүүгийн гэмт хэрэгтэн болцгоож, "хар мөр" үлдээгээд улс төрийн "амьд хүүр" царайлан явцгаах болов. Тэдэнд ичих нүүр ч алга бололтой. Манай улс төрч хэмээгдэгчийн дунд "нэгэн гоц халдварт өвчин" гараад удлаа. Энэ халдварыг эрх баригч хоёр намын удирдлага тараасан нь одоо нотлогдоод байна.

Энэ бол "улс төрийг хамгийн ашигтай бизнес" гэж ойлгодог, "өвчин, хорт хавдар" юм.

Хэн хүчтэй, мөнгөтэй, эрх мэдэлтэй талдаа урваж, аль нэг намын хармаанд ороод, гайгүйхэн шиг төрийн албанд даргаар очиж, тэндээсээ хэд гурван төгрөг цохиж, ажилгүй байгаа ах дүү хамаатнууддаа ажил олж өгөх гэсэн хүслээр л улстөрийн тогоонд зүүгдээд байгаа юм биш биз цаадуул чинь. Хэн хэзээ ч хаашаа ч урвахыг таашгүй салбар зөвхөн улстөрд л байна. Хамгийн осолтой нь нэг урвасан хүн ахиад хэд ч урвадаг учир тэдэнд бүрэн итгэнэ гэдэг хэцүү ажил. Монголчуд уг нь унаж, яваа морио ханилж ханиа гэж эртнээс хэлдэг байв.

Гэтэл манай улстөрчид намуудын байдал,тэдэнд хандах иргэдийн үнэлэмж, сонгуульд ямархан амжилт олохоор байна зэргийг харж байгаад,ээлжит сонгууль болохоос ганцхан сарын өмнө урваад алга болцгоодог юм байна. Сонгуультай холбоотой эрхзүйн харилцааг ч бүрэн эцэслээгүй байгаа. Мөнгөөр сонгууль хийх хүсэлтэй АН, МАН хоёр бусад жижиг намуудыг үнэмлэхгүй ялж чадахгүйгээ мэдэрч ямар нэгэн зүйл амлаж, намдаа урвуулсаар байгаа нь энэ. Энэ удаагийн сонгуулиар будилаан гарахгүй гэх баталгаа ч алга. Иргэд улстөрчдийн энэ мэт увиагүй үйлдлээс цөхөрсөн байна. Жижиг намууд болон бие даагчид урваж, шинээр улстөрийг сонирхон нэр дэвшихийг завдаж буй нөхөд гэж мөн хаашаа ч урваж магадгүй бөгөөд улс орноо төвөхнүүлэхэд хувь нэмэр болж чадна гэдэгт эргэлзмээр хүмүүс харагдаж буй. Тэгэхээр ямарч сонгууль болсон ойрын хэдэн жилдээ МАН, АН гэх хоёр том бүлэглэл Монголын улстөрөөс алга болох шинжгүй байна.

Ийм байдлыг зөвхөн улстөрчид рүү чихэхэд ч бас учир дутагдалтай мэт санагдах. Учир нь ямар ард түмэн байна тийм улстөр бий болдог гэх үг байдаг юм билээ. Тэгвэл манай иргэдийн ихэнх нь танил талаараа ажилд орох, ямар нэгэн аргаар төрийн тендэрт оролцож, мөнгө унагах, хэн нэгэнтэй нөхөрлөж, болохгүй бол нөгөөхтэй нь нөхөрлөн хэн нэгнээс хэзээ ч хамаагүй урвадаг юм биш биз. Өөрийнхөө алдааг нууж, бусдыгаа буруутгахад ихээхэн цаг зав, энерги зарцуулаад байгаа хүмүүс олон байвал яана. Хэрэв тийм гэвэл Улстөрчид иргэдээ дорд үзэж, иргэд улстөрчидөө эсэргүүцсээр, Эх орны ирээдүйг атгадаг нөхдүүд өөрийн дураар ээлжлэн төр барьсаар нэгэн хэвийн доошоо унадаггүй, дээшээ гардаггүй “бухимдал дүүрэн Монгол” болох нь байна ш дээ. Хэн нэг нь болохгүй, таны амьдарч буй орчин таагүй, танд таалагдахгүй хүн олон байгаа бол асуудал танд байгаа юм биш биз. Улстөрийг шүүмжлэхээсээ өмнө нь өөрөө өөрийгөө ажиглаж, өөрийнхөө ирээдүйн төлөө шударга хөдөлмөрлөж, бас зөв сонголт хийх нь иргэн хүний үүрэг билээ.

Одоо л сонголтоо зөв хийж ард түмэн хүчтэй гэдгээ мэргэн сонголтоороо бид тэдэнд харуулах цаг ирлээ. 

Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж Монголчууд хэлдэг. Хүний хүн бол хүний хүн тэд томсгосон тойрог гэдгээрээ Эрдэнэтчүүд минь гэж байгаа боловч хачир дээрээ хаяад явах нь тодорхой.   Худал амалсан, тойрогтоо юу ч хийгээгүй, сонгогдсоноосоо хойш эмээлээ авсан морь шиг 4 жил сураг  тасарсан, эргээд уулзах улаан нүүргүй болсон түшээдүүдэд илтгэлээ өгч эргүүтсэн нь хэд билээ бид. Тэд бол тойргийн хэдэн арван мянган хүний итгэл, сэтгэлээр тоглогчид..

Эцэст нь Эрдэнэтийн улс төрчдөө элэгтэй сонголт өгч итгэл дайгаад нэг үзэе. Таны төрийн эрх барих сонголт тань мэргэн байг ээ

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.