C°/C°
Орхон аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаар “Аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг 2024-2027 он хүртэл хэрэгжүүлэхээр баталлаа.
Уг хөтөлбөр нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээд, эрх бүхий албан тушаалтны эрх зүйн боловсролыг дээшлүүлж гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангаж хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд
1. Иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн хор уршиг, сөрөг үр дагаврыг тайлбарлан таниулж сэрэмжлүүлэх зохих хандлагыг төлөвшүүлэх
2. Гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг судлах, түүнтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
3. Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулах, гэмт хэргийн гаралтыг бууруулж, илрүүлэлтийн түвшнийг ахиулах зэрэг зорилтын хүрээнд арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Уг хөтөлбөрийг Орхон аймгийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилсан сэргийлэх арга зам криминологи судалгааны тайланд үндэслэн боловсруулсан юм.
Уг судалгааны тайланд Орхон аймагт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах, хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хэрэглэх явдал, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих зэрэг гэмт хэрэг улсын дунджаас өндөр хувьтай цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гарсан юм.
Жилд дунджаар улсын хэмжээнд 10,000 хүн тутамд 109 хүн гэмт хэрэгт холбогдсон бол Орхон аймгийн хэмжээнд 10,000 хүн тутамд 50 хүн дээрх 5 төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа ба гэмт хэрэгт холбогдогчдын 65.4 хувь нь 18-39 насны сурч хөдөлмөрлөх насны залуучууд байх бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцаа, архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ хянах чадваргүй болсны улмаас гэмт хэргийн золиос болох, аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны хяналтын камер стандартын шаардлага хангахгүй байх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгаагаас гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гэсэн дүгнэлтийг хийжээ.
СЭТГЭГДЛҮҮД /0/