C°/C°
Боловсролын шинэхэн сайдтай, бодлого зохицуулалтын багагүй өөрчлөлттэй хичээлийн шинэ жил эхэллээ. Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт онол суурьтай мэдлэгийг түгээхийг чухалчилдаг байсан нь тодорхой үр дүнд хүргээгүй. Тэгвэл энэ жилээс сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Ийнхүү 103 дахь хичээлийн шинэ жилийн онцлогийг хүргэж байна.
Нээлтгүй хичээлийн шинэ жил
Энэ оны есдүгээр сарын 1-ний өдөр ням гараг тохиож байна. Хичээлийн жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-ний өдрийн үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн суралцахуйн төвүүд багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй, уян хатан, нүсэр бус төсөр байдлаар зохион байгуулах зөвлөмж, чиглэлийг Боловсролын ерөнхий газраас хүргүүлсэн. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 1-нд аливаа албан тушаалтан ямар нэг цэцэрлэг, сургууль дээр очихгүй байх чиглэл өгсөн. Мэргэжлийн боловсрол, сургалтын болон дээд боловсролын байгууллагууд 2024 оны есдүгээр сарын 2-ны өдөр нээлтээ хийж, хичээл сургалтаа эхлүүлнэ. Нээлтийн цагийг орон нутгийн онцлог, бодлого чиглэлд нийцүүлэн тогтоох юм. Тухайлбал, нийслэлд замын түгжрэл, хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэх цагийг тооцох гэх мэт. Мөн боловсролын сургалтын байгууллага бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлийн шинэ жилд зориулсан мэндчилгээ, “Монгол Улсын Үндсэн Хууль” сэдэвт цахим контентыг суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд боломжит хувилбараар нээлттэй, хүртээмжтэй хүргэх юм.
2024-2025 оны хичээлийн жил гурван улиралтай
Боловсролын сайдын тушаалаар Нийслэл болон аймаг, сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц батлагдсан. Тодруулбал, шинэ хичээлийн жилд бие даалтын хугацааг оруулахдаа хичээллэсэнд тооцох бөгөөд Сурагчид энэ хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Мөн сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг даваа гарагт эхлүүлж, баасан гарагт дуусгахаар тусгажээ.
Тухайлбал,
- 1-р улирлын амралтыг арванхоёрдугаар сард,
- 2-р улирлын амралтыг дөрөвдүгээр сард,
- 3-р улирлын амралтыг зургаадугаар сард төлөвлөөд байна.
Үүнээс гадна шинэ хичээлийн жилийг гурван улиралтай байхаар бүтцийг шинэчилж, хичээлийн сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.
Энэ хичээлийн жилээс 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана
Сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийн дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулсан. Энэ хүрээнд эхний жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд сэлгэх юм. Мөн хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах, багшийн ачааллыг бууруулах хүрээнд энэ 9-р сарын 1-нээс эхлэн 44-өөс дээш сурагчтай 1, 2-р ангид туслах багш ажиллуулах шийдвэр гаргаад буй.
Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно” хэмээн заасан байдаг.
Сурагчдын гэрийн даалгавар хийх хугацаа 16-30 минут
Гэрийн даалгаврын зохистой хугацааг тогтоох нь суралцагчдын сахилга бат, цагийн менежментийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, сурлагын амжилтыг ахиулах, эзэмшсэн чадамжийг бататгах, сургууль, эцэг эх, асран хамгаалагч хоорондын харилцаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой.
Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс гэрийн даалгаврын хугацааг суралцагчийн нас, анги, түвшний болон судлагдахууны сургалтын хөтөлбөрийн зорилт, бүлэг дүүргэлт, багшийн ачааллыг харгалзан боловсруулсан зөвлөмжийг хүргэв.
Тухайлбал, бага ангийн сурагчдын хувьд гэрийн даалгаварт 15-20 минут зарцуулна гэж үзвэл энэ хугацаа анги ахих тусам 10 минутаар нэмэгдвэл зохимжтой гэж үзэж буй. Дээрхээс дүгнэж гэрийн даалгаврын хугацааг суралцагчийн нас, анги, түвшний болон судлагдахууны сургалтын хөтөлбөрийн зорилтоос хамааруулан ялгаатай байдлаар зааж өгөх нь зүйтэй гэж зөвлөөд буй.
Бага ангийн сурагчид математикийн хичээлдээ "Эдүтэн" системийг ашиглана
2024-2025 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд 2-5 ангийн 276198 суралцагч Эдүтэн цахим системийг математикийн хичээлдээ хэрэглэхээр болов. Түүнчлэн “Пийрсон” англи хэлний цогц хөтөлбөрт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 5-7 дугаар ангийн 206478, туршилтын 100 сургуулийн 3-4 дүгээр ангийн 36623, ерөнхий боловсролын 38 сургуулийн 8-11 дүгээр ангийн 21417, нийт 264518 суралцагчийг хамруулахаар болсон. Харин хувь хүний ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд хоёрдугаар ангид дэвшин суралцах мэргэжлийн боловсролын 8605 сурагч хамрагдах юм.
Үүнээс гадна “Пийрсон” мэдээлэл, технологийн хөтөлбөрт долоон политехник коллежид 170 суралцагч элсүүлэх квотыг баталсан бөгөөд гурван жилийн хөтөлбөрөө амжилттай төгссөнөөр дэлхийн 300 гаруй их сургуульд шууд элсэн суралцах боломжтой болох аж.
Тэгвэл “Коосэн” хөтөлбөрийн инженерийн чиглэлээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгийн сургуулиудад элсэн суралцах боломжтой. Орон нутгийн суралцагчид 15 настайгаасаа таван жилийн багц хөтөлбөрөөр суралцаж, 20 настайдаа инженерийн дэд бакалаврын зэрэгтэй төгсөнө.
Цэцэрлэгийн хүүхдийн спортын хувцас стандарттай болов
Энэ хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдүүд спорт хувцсаар жигдрэхээр болсон. Тухайн хувцасны материал, эдэлгээ, эрүүл ахуйн шинж чанарын үзүүлэлт, үйлдвэрлэлийн шаардлагыг стандартын хүрээнд хийж эхэлсэн ажэ. Улмаар MNS 7046:2024 цэцэрлэгийн хүүхдийн спортын хувцас техникийн шаардлага батлагдсан байна.
Энэхүү стандартыг цэцэрлэгийн хүүхдийн спорт хувцас, түүний материалын физик-механик, эдэлгээ, эрүүл ахуйн шинж чанарын үзүүлэлт, үйлдвэрлэлийн шаардлагыг тогтоох, хянах, бүтээгдэхүүний хэмжээ шалгахад ашиглах юм. Хүүхдийнхээ эрүүл мэнд, бие бялдрын өсөлт хөгжилтөд сөрөг нөлөөгүй хувцас сонгохыг Боловсролын ерөнхий газраас анхаарууллаа.
СЭТГЭГДЛҮҮД /0/