Д.ГАНБОЛД: Бид өнгөрсөн дөрвөн жилд хэдий сөрөг хүчин ч гэлээ дэмжих зүйлсээ дэмжээд явсан

Иргэдийн дуу хоолойг төрд хүргэж, төр-иргэний гүүр болж ажилласан дөрвөн жилийнхээ дүнг тавиулахаар Орхон аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч нар ажлаа тайлагнаж байна. Энэ удаагийн зочноор Даваасүрэнгийн Ганболд төлөөлөгч оролцлоо.

 -Та өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Уртын гол багийг төлөөлөн ажиллалаа. Бүрэн эрхийн хугацаа өндөрлөж байгаа энэ үед хийсэн ажлаа тоймловол?

-Богино юм шиг хэрнээ багагүй цаг хугацааг Уртын гол багийн иргэдтэйгээ хамт үдэж байна. Бид ковид цар тахлын амаргүй нөхцөл байдалтай тулгарч, багийнхаа иргэдтэй нүүр тулан уулзах боломжгүй үе тохиосон хэдий ч багийнхаа шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг дор бүр нь хийж гүйцэтгэсэн. Мөн миний хувьд энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд нэг багийн гэхээсээ илүү Эрдэнэтийн иргэдийн дуу хоолойг хүргэсэн төлөөлөл байхыг хичээж ажиллалаа. Тухайлбал, Эрдэнэт хотод эрх нь зөрчигдөж байгаа олон иргэдийн дуу хоолой болж, “Уурхайчин 2” хороолол, ундны ус, хүүхдийн хоол зэрэг нийтлэг эрх ашгийн төлөө иргэдийн хуралд өөрийн чадлаар оролцсон. Тодорхой үр дүнд хүрсэн ажлууд бий.

-Энэ намрын сонгуульд дахин  хүч үзэхээр болсон байна?

-Өнөөдрийн хийсэн ажлаа үргэлжлүүлж, Эрдэнэт хотынхоо өнгө төрхийг илүү өөрчлөх, үр хүүхдүүдээ парктай болгох, зам харгайгаа сайжруулах, цаашлаад Эрдэнэт хотын статусыг эргүүлэн авч ирэхийн төлөө дахин нэр дэвших сонголтыг хийсэн.

-Та бүхэн дөрвөн жил нэг танхимд суухдаа Эрдэнэт хотынхоо асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргаж, төсөв батлан, олон үйл явдал дунд хамт байсан. Энэ бүрэн эрхийн хугацаанд хамтран ажилласан ангийнхнаа та хэрхэн дүгнэх вэ?

-Нэг анги, хамт олон гэдэг утгаараа бид эвтэй байлаа. Гэхдээ үүнийг хэт нялуун үг гэж хүлээж авахгүй байхыг хүсье. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үг хэлээгүй төлөөлөгч ч бидний дунд бий. Нэг талын байр суурь давамгайлсан, дарга харахаараа ухаанаа алддаг хүн ч байгаа. Тэдгээр хүмүүст шүүмжлэлтэй хандаж л явсан. Ер нь үе үеийн иргэдийн хурал иргэдийн төлөө олон шийдвэр гаргасан, бас иргэдийн эсрэг, явцуу эрх ашгийн төлөө ч хангалттай шийдвэрүүд гаргасан. Энэ удаад ч тэр, өмнө нь ч тэр. Манай ангийн тухайд хангалтгүй болоод хангалттай ажилласан төлөөлөгч нар аль аль нь байсан.

-“Газрын сонсгол хийгээч” гэдэг байр суурин дээр бат зогссон хүний нэг нь та байлаа. Мөн хурал доторх бүлгийн даргын хувьд багагүй тэмцэлтэй нүүр тулж харагдсан. “Үүнийг л хийгээд өгөөч” гэсэн иргэдийн захиас ямар биелэлттэй гарч байна вэ?

-Яг үнэндээ, гадаа гараад харахад Эрдэнэтийн өнгө тааруухан л байгаа. Үүнийг сүүлийн дөрвөн жилээр тоймлох бус сүүлийн найман жилд өнгө төрх нь гундсан гэж хэлж болно. Энэ бүхэн нэг эрх баригч намтай холбоотой асуудал л даа. Хариуцлага нэхэх ямар ч боломжгүйг иргэд бас ойлгох хэрэгтэй. 2012-2016 онд Ардчилсан нам засаглаж байсан. Ингэхдээ гэрэл гэгээгээ татаж, байшин саваа будаж, зам харгуйгаа өргөтгөж, гарц гаргалгааг нь гаргаад, аймгаа яаж өөд нь татаж болдгийг харуулсан. Харин Монгол Ардын нам сүүлийн найман жилийн хугацаанд сайхан хотыг яаж гундааж, тартагт нь тулгаж болдгийг харууллаа. Энэ бол бодит жишээ, өөр юу ярих юм. Эргээд харахад Ардчилсан нам хийх ёстойгоо хийдэг юм байна, Монгол Ардын нам нэг хүний удирдлага дор хэт жижиг хайрцагт орж, явцуу эрх ашгийн бүлэглэл бий болгосноор Эрдэнэт хотыг сүйрүүлж байгааг харлаа. Бид хэдий сөрөг хүчин ч гэлээ дэмжих  зүйлсээ дэмжээд явсан.

-Таныхаар сайн тал нь юу байв?

-Нэгд, сургуулийн хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөрт тодорхой өөрчлөлт хийж чадсан нь сайн ажил байлаа. Хоёрдугаарт, “Эрдэнэт үйлдвэр технологийн парк”, газрын асуудал зэргийг нааштай шийдвэрлэсэн. Ямартаа ч шинэ ажлын эхлэл тавигдаж байгаа гэдэг утгаараа сайн ажил болсон гэж хэлнэ. Миний хувьд энэ танхимаас асар их зүйл сурч, сөрөг хүчин ямар байх тухай ойлголтоо гүнзгийрүүллээ. Мөн төлөөлөгч хүний үзэл бодол ямар чухал болохыг ойлгосон доо. “Амьд сүг болж суухаар өөрийн итгэл үнэмшилтэй байж, зөв зүйлд гараа өргөж бай” гэдэг үгийг шинэ төлөөлөгч нарт ч хэлмээр санагдсан.

-Ардчилсан нам дотоод зөрчилдөөнөөсөө болоод эвлэлдэж чадалгүй, хэдэн ч сонгуулийн нүүр үзлээ. Дотоод ардчилал ихтэй нам хэрнээ хоёр ч удаагийн сонгуульд ялагдсан. Гэтэл намын удирдлагууд энэ сонгуулийн өмнө эвлэлдэн нэгдэж харагдлаа. Үүний цаана албан тушаалын тохироо бий гэж иргэд хардаж байна. Танай нам таньд болон эвлэрч гар барьсан нөхөддөө ямар албан тушаал амласан бол?

-Хүмүүс хоорондоо юу ярьсныг би сайн мэдэхгүй байна. Хүмүүс хоорондоо хангалттай эв эвдрэлцсэн, хангалттай зодолдсон. 11 дүгээр сард “Би намын дарга болно” гээд залуучууд нь үзэлцээд бөөн л юм болсон. Харин сүүлийн хэдэн жилд болоогүй намын хурлыг бид хийсэн. УИХ-ын гишүүн Х.Баттулга, “Та нар эвтэй л бай, тэгж чадвал сонгуульд амжилт гаргаж чадна” гэж хэлсэн. Ингээд бид асуудлаа дотроо ярилцаж, орон нутгийн сонгуульдаа амжилттай оролцъё гэж шийдсэн. Ямар нэг албан тушаалын амлалт бол байхгүй. Намаас нэр дэвшигчдийн тухайд 80-90 хувь нь идэр насны залуус орсон. Ачаа даах чадвартай үе солигдсоныг хараад “Эрс шинэчлэл хийх үе” гэж нэрлээд байгаа. Эрдэнэтдээ төрсөн, өссөн, сэтгэлтэй хүн бүрийг энэ сонгуульд оруулсан. Бүх хүчээ дайчлая гэж зорьж байна. Харин манай өвчнийг Монголын ардын нам авчихлаа. Энэ бол эхлэл, хэзээ дуусахыг нь би мэдэхгүй. Бидний хувьд жигдрэх үе дээрээ явна, манай нам асар эв нэгдэлтэйгээр энэ сонгуульд оролцож байгааг энэ дашрамд хэлье. Мөн намайг ийм тийм албан тушаал дээр тавья гэсэн яриа гараагүй, хэлээгүй.

-Ардчилсан намын үйл хэрэгт зүтгээгүй хүмүүс ч нэр дэвшигчдийн дунд харагдаад байна. Энэ тал дээр?

-Нам дүрэмтэй. Гишүүн байх ёстой. Гол нь намд ил явсан, далд явсан гэдэг л зүйл яригддаг. Магадгүй намын ар фронтод менежерээр ажилласан, УИХ-ын сонгуульд ажиллаж байсан хүмүүс орж ирсэн харагдаж магад. Нөгөөтэйгүүр, бид 2024 онд сонгуулийн бэлтгэл хангах хүрээнд судалгаа авч байсан. Уг судалгааны дүнд тодорхой нэрс орсон. Намын хорооны хурлаар ороод гарсан. Гундсан найман жилийн засаглалд цэг тавьж дуусгаад, 2012 оноос өмнөх цэвэр цэмцгэр, залуусын хот статусаа авахаар зоримог шийдсэн.

-Б.Мягмарсүрэн төлөөлөгчийг Засаг даргаар, таныг Хурлын даргаар тавигдах тухай яриа иргэдийн дунд байна. Ямар нэг тайлбар хэлэх үү?

-Тохиролцоо хийгээгүй ч хэрэв тийм нөхцөл байдал бий болвол Иргэдийн хурлыг урьд хожид байгаагүй иргэдэд маш ойр, нээлттэй хурлын байгууллага болгоно. Төр захиргааны байгууллага ямар байх ёстойг харуулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.