Австралид 16-аас доош насныхан сошиал медиа хэрэглэх боломжгүй боллоо

Арванхоёрдугаар сарын 10-аас эхлэн Австралийн сошиал медиа платформууд 16-аас доош насны хүүхдүүдийг шинэ аккаунт нээх боломжгүй болгох, мөн одоо байгаа аккаунтуудыг устгах эсвэл идэвхгүй болгох чиглэлд “зүй ёсны арга хэмжээ” авах шаардлагатай болох аж.

Засгийн газар энэхүү хоригийг дэлхийд анхдагч бодлого гэж нэрлэж, хүүхдүүдийг сошиал медиагаас үүдэлтэй “дарамт, эрсдэл”-ээс хамгаалахад чиглэсэн шийдвэр хэмээн тайлбарлаж байна.

Засгийн газрын захиалгаар хийсэн судалгаагаар 10–15 насны хүүхдүүдийн 96 хувь нь сошиал медиа хэрэглэдэг бөгөөд 10 хүүхэд тутмын 7 нь аюултай контент болон үйлдэлд өртсөн байна. Үүнд эмэгтэйчүүдийг доромжилсон материал, зодооны бичлэг, хоолны эмгэг болон амиа хорлолтыг өөхшүүлсэн контент багтжээ.

Ямар платформууд хамрагдах вэ?

Австралийн Засгийн газар дараах есөн платформыг хоригт хамруулахаар нэрлээд байна. Үүнд, Facebook, Instagram, Snapchat, Threads, TikTok, X (хуучнаар Twitter), YouTube, Reddit, Kick багтана.

Харин онлайн тоглоомын платформуудын хувьд Roblox, Discord зэрэг нь хоригт орох эрсдэлээс сэргийлж зарим хэсэгтээ насны шалгалт нэвтрүүлээд эхэлжээ.

Платформыг хоригт хамруулах эсэхийг дараах гурван шалгуураар шийдсэн аж.

  1. Ашгийн гол зорилго нь онлайн харилцаа холбоо эсэх

  2. Хэрэглэгчид хоорондоо харилцах боломжтой эсэх

  3. Хэрэглэгч контент нийтлэх бололцоотой эсэх

YouTube Kids, Google Classroom, WhatsApp зэрэг нь эдгээр шалгуурт нийцээгүй учир хоригт ороогүй байна.

Хоригийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Хүүхэд болон эцэг эхэд ямар нэгэн шийтгэл оногдуулахгүй. Хариуцлагыг платформууд өөрсдөө хүлээнэ. Дүрмийг зөрчвөл хамгийн ихдээ 49.5 сая австрали долларын торгууль ногдуулах аж. Мөн платформууд нас баталгаажуулах технологи ашиглах юм. Засгийн газар олон төрлийн арга хослуулахыг хүсэж байгаа бөгөөд хэрэглэгч өөрийн насанд итгэмжлэл өгөх эсвэл эцэг эх батлахыг зөвшөөрөхгүй гэнэ.

Бусад орнуудад ийм хориг бий юу?

16-аас доош насныханд сошиал медиаг бүрэн хориглосон нь дэлхийд анх удаа тохиож байгаа явдал юм. Бусад орнууд ихэвчлэн эцэг эхийн зөвшөөрөл шаардах эсвэл хүүхдийн хамгаалалтын нэмэлт дүрэм нэвтрүүлэх хэлбэрээр хязгаарлалт хийдэг.

Их Британи, Франц, Дани, Норвеги, Испани зэрэг орнууд тодорхой насны хүүхдүүдэд хязгаарлалт тавьсан ч Австралийнх шиг бүрэн хориг хийгээгүй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.