C°/C°
2026 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих хууль, тогтоомжуудын талаар танилцуулж байна. Учир нь өнөөдрөөс эхлэн улсын төсөв, нийгэм, эдийн засаг зэрэг олон салбарт хамаарах эдгээр хууль, тогтоомж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Багш нарын цалинг нэмнэ
Багш нарын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 50 хувь, 2026 оны арваннэгдүгээр сард 26 хувь нэмэгдүүлэхээр тусгасан. Үндсэндээ энэ онд багш нарын цалинг 76 хувиар цалинг нэмнэ гэсэн үг. Ийнхүү багшийн үндсэн цалин 2.8 сая төгрөгт хүргэхээр болж, төсөвт эх үүсвэрийг нь суулгасан юм.
Харин боловсролын салбарт ажилладаг тогооч, галч, үйлчлэгч, жижүүрийн цалин нэмэгдэхгүй. Боловсролын салбарт ажиллагсдын цалинг нэмэхэд дахин 400 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болсон тул УИХ-ын төвшинд 2026 оны төсвийн хуулийн төслийг боловсруулж, зохицуулалт хийх хүрээнд зөвхөн багш нарын цалинг өсгөхөд анхаарав.
Дээрх байдлаар тогтоосон цалингийн хэмжээ нь боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах албан хаагчдад мөн адил үйлчлэх аж. Ташрамд дурдахад боловсролын салбарт 93.5 мянган албан хаагч ажиллаж байна.
Хиймэл оюун ухаан ашиглан торгууль ноогдуулна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг таньж, тухайн жолоочид зөрчлийн мэдээллийг илгээх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажил хэрэгжнэ. Тодруулбал, 2024 оны нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг явуулсан. Эдгээр камерууд нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох юм. Туршилтын хугацаанд AI камераар илрүүлсэн зөрчлийн тухай мэдээллийг иргэдийг гар утсанд мессежээр илгээсэн ч торгууль ногдуулдаггүй байсан.
Харин өнөөдрөөс эхэлж AI камераар зөрчил илрүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээг авч эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Энэхүү камер нь тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрэл дохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон, тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, хариуцлага тооцох юм.
Ахмад настны тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмнэ
Монгол Улсын 2025 оны төсвийн хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл Мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Эдгээр нь тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэж байна. Энэ хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоосон.
Ийнхүү цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр, бүрэн тэтгэвэр авагчийн тэтгэврийг доод хэмжээг 769 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 652 мянга 400 төгрөгөөр тус, тус шинэчлэн тогтоосон. Улмаар бүх тэтгэвэр авагчдын тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
36 сарын тэтгэмжийг нөхөн олгоно
Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн буюу 36 сарын тэтгэмжийг олгох эсэх асуудал удаан хугацааны турш маргаан дагуулсан сэдвүүдийн нэг байв.
Тэгвэл Засгийн газар төрд насаараа зүтгэсэн албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, төрийн албанд насаараа зүтгэсэн иргэд 36 сарынхаа тэтгэмжээ авч амжилгүй нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн тэтгэмжийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан юм. Уг хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Эмч, ажилчдын цалинг 50 хувиар нэмнэ
Монголын эрүүл мэндийн ажилтаны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон эмч, эмнэлгийн ажилтануудын цалинг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулах талаар мэдээлэл хийж, өнгөрсөн аравдугаар сарын 9-ны өдөр улс орон даяар “Эрүүл мэндийн зөв шинэчлэлийн төлөө” хэмээх уриатай тайван жагсаал хийж шаардлага хүргүүлсэн билээ.
Үүний үр дүнд 2026 оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 50 хувь нэмэхээр болж цаашид үе шаттайгаар 75 хувиар нэмж, 2026 ондоо багтааж гурван сая төгрөгт, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр шийдвэрлэсэн.
Онцгой байдлын алба хаагчдын нэмэгдлийг 10 хувиар нэмнэ
Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг шинэчлэн тогтоож, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилт тусгагдсан байна.
Тодруулбал, "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчилсөн тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж, мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах аж.
16000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулна
Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоосон нь хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагыг бодитой болгох алхам гэж үзэж байна. Энэ хүрээнд Аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог 16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулахаар тооцож, баталсан.
Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.
Хуримтлалын сангаас иргэн бүр ашиг хүртэнэ
Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр байгалийн баялгаас олж буй орлогыг хуримтлуулах, ирээдүй үеийнхэнд хүртээмжтэй хуваарилах, сангийн ил тод, хариуцлагатай удирдлагыг хангах зорилт хэрэгжинэ. Энэ нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг урт хугацаанд тогтвортой байлгах бодлогын нэг чухал хэсэг юм. Түүнчлэн уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд хувь хүртээх зорилгоор хуримтлалын санг нээсэн.
Энэ хүрээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрч, Монгол Улсын иргэн бүрд хуваарилж нэг иргэнд 138 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэсэн байгаа аж.
Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.


















СЭТГЭГДЛҮҮД /0/