C°/C°
Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн нүсэр бөгөөд хариуцлагатай эдгээр ажлын ард үйл явц хэрхэн өрнөж байгааг тодрууллаа. Энэ их ажлыг эмэгтэй хүний торгон мэдрэмжээр нямбай бөгөөд чадварлаг удирдаж байгаа бүсгүй бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хамтын ажиллагаа, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч, Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг, Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Б.Оюун-Эрдэнэ юм.
-Эрдэнэтчүүд ирэх сард ойгоо тэмдэглэнэ гээд тун ч завгүй байна. Ойн бэлтгэл ажлыг хангах баг хамт олон болоод “хөшиг”-ний ард үйл явц хэрхэн өрнөж, гүйцэтгэл хэр байгаа талаар иргэд төдийлөн сайн мэдэхгүй. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Миний бие өнгөрсөн 4 дүгээр сарын 1-нээс Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн даргаар томилогдсон. Нийт 6 дэд ажлын хэсэгтэйгээр ажиллаж байгаад энэ сараас эхлээд Орхон аймаг, Эрдэнэт хотын баяр наадмыг зохион байгуулах хороо болж өргөтгөн ажиллаж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар Баяр наадмыг зохион байгуулах хороо 43 гишүүнтэй мөн 12 салбар хороо нь 100 гаруй гишүүнтэйгээр ажлаа үргэлжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 12 салбар хороо маань 5 удаа хуралдаж, 50 жилийн ойгоор хүрэлцэн ирэх хүмүүсийн тоо, түүнд нийцүүлж гаргах ерөнхий зохион байгуулалтыг хэлэлцээд явж байна.
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд, 50 бүтээлч ажил буюу тохижилт үйлчилгээний ажил төлөвлөсөн. Тухайлбал, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, Цэнгэлдэх хүрээлэн, Бурхан багшийн сэрэг дүр, Найрамдлын өндөрлөг, авто болон явган зам, гэрэлтүүлэг, хөшөө дурсгалыг засварлаж тохижуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлууд багтсан.
Дараагийн нэг ажил нь, 50 жилийн хугацаанд бид юугаараа бахархдаг вэ гэдгээ харуулахыг зорьж байна. Мэдээж бид соёл урлаг, спортынхноороо, Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан анхдагчдаараа, хотын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хүн бүрийн хөдөлмөр, үр шимээр бахархдаг гэсэн зорилтыг харуулсан контент бүтээж, олон нийтэд хүргэж байна.
Мөн 50 жил-50 иргэн буюу соёл урлаг, спортын цуврал арга хэмжээг бүтэн жилийн турш зохион байгуулаад, одоо баяр наадмын бэлтгэл ажилдаа ороод явж байна. Өнгөрсөн хугацаанд Д.Нармандах гавьяатын, С.Цэвээн агсны, пауэрлифтингийн Э.Содномпэлжээ хөдөлмөрийн баатарын нэрэмжит тэмцээнийг бүсийн болон улсын хэмжээнд том агуулгаар нь зохион байгууллаа. Бид спортын тамирчдаараа бахархдаг, тэд Эрдэнэт хотод ямар соёл үлдээж байна, энэ соёлын ач холбогдол, үр нөлөөгөөр хүмүүс хэрхэн хүмүүжиж байгааг дээрх ажлаараа харуулсан.
-Маш олон талаас нь харсан сонирхолтой ажлуудыг та нэрлэлээ. Мэдээж ойн баяраар гадна, дотноос ирэх зочдын харааг булаах орчин, ногоон байгууламж, тохижилт үйлчилгээ энэ хүрээнд яригдах байх?
-Тийм ээ, Эрдэнэт өөрөө ногоон хот шүү дээ. Биднийг бага байхад л ногоон хот байсан. Эрдэнэтийн тухай “Цэцгэн өнгөт хот” гэсэн дуу хүртэл бий. Тэгэхээр Эрдэнэтийн дүр дүрх нь ногоон хот, цэцгэн хот юм байна гэдэг утгаар нь ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд өнгөрсөн жилээс анхаарч, энэ онд ч үргэлжилж байна. Уул уурхайн компаниуд ч энэ ажлыг ихээхэн дэмжсэн.
-Энэ их ажилд сэтгэл зүрхээ зориулан арын албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг дурьдахгүй өнгөрч боломгүй санагдаж байна. Хичнээн албан хаагч ажиллаж байгаа бол?
-Төлөвлөсөн ажлууд маань нэлээд хурдацтай явж байна. Чамгүй нүсэр ажлууд байгаагийн хэрээр ард нь бүр их ажил өрнөж байгаа нь үнэн. Өмнө нь 6 ажлын хэсэгт 20 гаруй албан хаагч байсан бол одоо 12 ажлын хэсэгт хамгийн багадаа 100-аад албан хаагч өндөр ачаалалтай ажиллаж байна. Бүгд л цаг, хугацаатай уралдан ажиллаж байна
-Ямар ч хүн урмаар тэтгэгдэж явдаг шүү дээ. Баг хамт олноо энэ дашрамд онцолбол?
-Төрийн албан хаагчид үүрэг хүлээж ажилладаг нь хувь хүн талаасаа хэцүү байж болох ч нөгөө талдаа ажлаа хийгээд сурчихсан, ачаалал даах чадвартай нь урамтай санагддаг. Үнэхээр хийх ажил их, ачаалал ч өндөр байна. Гэхдээ энэ бүхнийг “Хэцүү байна” гэж гоншигнож байсан удаагүй, харин ч “Би төрийн албан хаагч, бид энэ ажлыг хийх ёстой” гэдэг сэтгэлээр аливаад хандаж байгаа нь мэдрэгддэг.

-Ээж ороод ирэхэд эмх цэгц бүрддэг шиг эмэгтэй хүн энэ бүх ажлыг ахалж байгаа нь сонин бас содон байна. Таны бодлоор эмэгтэй хүний давуу тал юу вэ?
-Өөрийн тань хэлдгээр ээж, эхнэр хүн гэрийнхээ тохижилт, донжийг илүүтэй анхаардаг шиг энд тэндээ арзайж сарзайчихсан байна гэх зэргээр нэг талдаа жижиг зүйл рүү ч анхаарч ороод байдаг юм байна. Гэхдээ богино хугацаанд аль болох ажлуудаа чанартай амжуулахыг хичээж байна. Хотын 50 жилийн ой 7 дугаар сараар дуусчихгүй, оны турш үргэлжилнэ гэдэг утгаараа дутуу ажлуудаа хугацаандаа амжуулна гэж бодож байгаа.
-Хувийн хэвшлийн байгууллагууд хэр санаачлагатай байна вэ?
-Бид анхнаасаа хувийн хэвшлийн байгууллагууддаа “Гадна тохижилтдоо анхаарч өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Байгууллагууд маань өөрсдийн санаачлагаар аймаг, хотынхоо ойд хандив өргөж байгаа. Үүний нөгөө талд хотын нэр хүндээ бодолцон тохижилтын ажлыг орхигдуулахгүй байвал хаа хаанаа л хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар тохижилт хийсэн газар ч байна, хойрго хандсан байгууллагууд ч цөөнгүй бий. Энэ дашрамд, бүх аж ахуйн нэгж, албан байгууллагыг гадна талбайнхаа 50 метр зайд тохижилт хийхийг уриалъя.
-Иргэд өөрсдийн санаачлагаар ойд зориулсан ямар нэг зүйл хийе гэхээр юу хийхээ мэдэхгүй ч юмуу арга эвээ олохгүй тал байх шиг байна. Энэ тал дээр таны бодол?
-Магадгүй, юу хийх вэ гэдэг дээр шийдэл олохгүй байж болно. Тодорхой санал дэвшүүлж, бидэнд хандсан хүн бүрийг 50 жилийн ойн бүтээн байгуулалтад оролцож байна гэж бодож байгаа. Мөн “Энэ ажлыг сайн хийчээсэй” гэсэн бодол сэтгэлээр шүүмжилж байгаа иргэнийг ч ойн ажилдаа хамтран оролцож байна гэж дүгнэсэн. Ингээд бодохоор “Оролцоно” гэдэг нь мөнгөн хандив өгөхөөр хязгаарлагдахгүй, саналаа хэлж, хүсэлтээ тавьж, шүүмжилж байгаа хэн бүхэнд хамаатай юм. Хүн бүр өөр өөр өнцгөөс харж байгаа тул санал шүүмжид ч авах гээхийн ухаанаар хандаж, хурдан засах ёстой юм байна шүү гээд ажилдаа анхаарч байгаа.
-Хотын түүхийг өгүүлсэн баримтат кино, ном бүтээгдэж байгаа гэж дуулсан. Энэ тал дээр ямар мэдээлэл өгөх вэ?
-Эрдэнэт хотын хагас зууны түүхийг өгүүлж, өнгөрсөн ба ирээдүй гэсэн агуулгаар баримтат кино, ном бүтээх шийдвэр гарсан. Энэ дагуу баримтат кино бүтээх студийг сонгон шалгаруулж, тус студийн уран бүтээлчид өөрсдийн саналаа танилцуулсан. Дийлэнх хүн Эрдэнэт хотыг Эрдэнэт үйлдвэрээр төсөөлдөг. Бидний зүгээс, төр захиргааны ямар дарга нар, ямар түүхэн шийдвэр гаргаж байсныг онцолж оруулаарай, мөн анхдагчдын төлөөллөөс ярилцлага авч баяжуулаарай, ахмадуудын үгийг сайн сонсоорой гэж Ажлын хэсгийн зүгээс Баримтат киноны багт саналаа уламжилсан. Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяатуудтай холбоотой онцлох үйл явдлыг дурьдаж өгөхийг хүссэн байгаа.
Кино багийнхны зүгээс 30 хувь нь уран сайхны, 30 хувь нь баримтад суурилсан, үлдсэн хувь нь архивын бүтээлд тулгуурлаж хийж байгаа гэсэн.
-Иргэдийн зүгээс ой тохиосон бусад аймагтай харьцуулах, жиших зүйл цөөнгүй гардаг. Манай аймаг өөрийн онцлогийг тусгаж өгсөн үү, аль эсвэл бусад аймгийн туршлагаас загвар харав уу? Төсөөллөө хэрхэн гаргасан бэ?
-Эрдэнэт ямар өнгө төрхтэй ойгоо хийх вэ, ямар концепц барих вэ гэдэг нь юун түрүүнд чухал л даа. Манай ажлын хэсгийнхэн бусад аймгийн сайн болоод муу туршлагыг судалснаа нуухгүй ээ (инээв). Гэхдээ миний өмнө хэлсэнчлэн, “50 жил-50 бүтээн байгуулалт” үүний тод илрэл болж байгаа юм. Мөн үндэсний буюу дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг барьж байна. Ингэхдээ хэвлэл ч бай, бэлэг дурсгал ч бай дотоодоосоо шийдэхийг эрмэлзсэн. Бид өөрсдийн хийдэг зүйлээс ичих хэрэггүй гэж бодогдож байна. Энэ мэт өөрсдийн онцлог дээр тулгуурласан хөтөлбөрүүд боловсруулан гаргаж байгаа.
-Эрдэнэт маань “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн боссон хот гэдэг утгаараа хоёр орны найрамдалт харилцааг ойн үйл ажиллагаанд хэрхэн “шигтгэсэн” бэ?
-1970-аад оны үед Эрдэнэтийн орд газрыг илрүүлэхэд Чехословак болон ЗСБНХУ-аас геологичид ирж ажилласан байдаг. Энэхүү хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг нээлтийн үйл ажиллагаандаа тусгана. Хоёрт, баримтат киноны болон номын ажлын хэсгийнхэн “Эрдэнэт найрамдлаар боссон хот, оросын ахан дүүсгүйгээр энэ хот босоогүй шүү” гэсэн утга санааг тод томруунаар илэрхийлнэ.
-Хувь хүнийхээ талаас Эрдэнэт хотын ойг хэрхэн харж байна вэ?
-Би Эрдэнэтийн унаган хүүхэд. Бага байхад Эрдэнэт маш том хот шиг санагддаг байлаа. Харин өнөөдөр 50 жилийн ойгоо тэмдэглэхээр ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд, “Бүх хүнийг сайхан цэнгүүлчих юмсан, аав, ээжийн минь босголцсон хот шүү, үр хүүхдүүд маань амьдрах хот юм шүү” гэж олон бодлыг нь тээж ажиллаж байна.
Хүүхэд залуус маань 50 жилийн ойг төдийлөн ойшоохгүй байгаа нь анзаарагдсан тул би сайн дурынхны уулзалтын үеэр залуучуудад хандан, “Аав ээж, эмээ өвөө чинь энэ хотыг өнөө үед авч ирлээ, тэднээрээ бахархаарай, баярлалаа гэж хэлээрэй, одоо та нарын үргэлжлүүлэх ээлж ирж байгаа шүү” гэдгийг сануулж хэлсэн. Хүүхдүүд инээгээд үлдсэн (инээв).
-Түүхэн хугацаанд Эрдэнэтээс хичнээн алдартан төрөн гарсан бэ?
-Хөдөлмөрийн баатар 7, Төрийн соёрхолт 2, гавьяат 98 гээд 280 гаруй эрхэм хүндтэй хүн төрийн шагнал гардсан.

-Цаг хугацаа дөхөх тусам ажлын ачаалал нэмэгдэх байх. “Ойг сайхан хийчих юмсан” гэж сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа баг хамт олондоо, Эрдэнэт хотын иргэдэд хандан юу хэлэх вэ?
-Юуны өмнө энэ ажлыг гардан зохион байгуулж, бие сэтгэл, цаг хугацаагаа зориулж байгаа төрийн албан хаагчид болон дэмжин ажиллаж байгаа хувийн хэвшил, иргэд, Эрдэнэт үйлдвэр, ялангуяа уурхайчдадаа баярлалаа. Тийм ч амар ажил биш гэдгийг та бүхэн маань харж байгаа тул хаа хаанаа хүндэтгэлтэй хандаасай гэж хүсэж байна. Мөн хашаа хороогоо цэвэрлэн, гадна тохижилтоо хийж, ариун цэврийн өрөөгөө нээлттэй байлгахыг уриалъя. “Соёлтой, тайван хот” нэрээ хамгаалж хадгалахыг зорьж байна. Бүгдээрэй хичээж ажиллавал бүтэхгүй зүйл үгүй л гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа.


















СЭТГЭГДЛҮҮД /0/