Үндсэн агуулга руу шилжих
Баасан, 2026.10.16
Орхон -10° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

Орхон аймаг: Байт харвааны заалны улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн болж байна

Байт харвааны заалны улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн энэ сарын 23-нд Орхон аймаг, Эрдэнэт хотод эхэлсэн.

Орхон аймаг: Байт харвааны заалны улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн болж байна
Орхон аймаг: Байт харвааны заалны улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн болж байна · Зураг: ErdenetLife.mn

Байт харвааны заалны улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн энэ сарын 23-нд Орхон аймаг, Эрдэнэт хотод эхэлсэн. Өнөөдөр тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ боллоо. 
Нээлтийн арга хэмжээнд  Орхон аймгийн  ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Д.Батмөнх, Монголын байт харваа холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд зэрэг албаны хүмүүс оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. 
Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 24 байгууллагын 300 гаруй тамирчид цэц мэргэнээ сорьж байгаа нь өмнөх жилүүдээс илүү олон тамирчин оролцож буйгаараа онцлогтой. Тухайлбал, Монгол орны алс баруун хязгаар Увс, Ховд, Говь-Алтай Баян-Өлгий аймгаас өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэ жилийн улсын аваргад оролцож байна. Тэр дундаа Баян-Өлгий аймгийн баг тамирчид орон нутагтаа байт харвааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилго өвөртлөн анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож туршлага судалж байна. 

    Тамирчид рекувр болон компаунд төрлөөр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд өрсөлдөж байгаа юм. Рекувр төрөлд ангилал тус бүрд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдөж байгаа  бол компаунд төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа ангиллаар  цэц мэргэнээ сорьж, шинээр спортын  цолтнууд олноор төрөн гарч байгаа  чансаа өндөртэй тэмцээн болж байна.

Аймгийн Засаг дарга С.Батжаргал тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд манай улсад эрчимтэй хөгжиж буй спортын төрлийн улсын аваргын тэмцээнийг орон нутагтаа анх удаа зохион байгуулж, улсын шилдэг тамирчин дасгалжуулагчдыг нэгэн доор хуран цуглуулж  байгаадаа Эрдэнэтчүүд бид бүхэн туйлын баяртай байна. 

Орхон аймаг иргэдийг спортоор хичээллэх боломж, нөхцлийг бүрдүүлэх, тамирчдын амжилтыг нэмэгдүүлэх, тэднийг хөгжүүлэх зэрэг зорилтын хүрээнд олон талт үйл ажиллагааг  хэрэгжүүлэн  ажиллаж байна. Бид тамирчдад техник хэрэгсэлийн дэмжлэг үзүүлэх, спортын заал танхим байгуулах, орчин нөхцлийг сайжруулах асуудлыг үе шаттай шийдвэрлэж жил бүр орон нутгийн төсөвт 300 гаруй сая төгрөгийг тусган спортын салбараа дэмжин ажилладаг билээ.Аливаа тэмцээнд амжилт үзүүлэх нь тухайн тамирчны ур чадвараас шалтгаалах ч түүний ард санхүүгийн дэмжлэг чухал. Орхон аймаг, Эрдэнэт хотын удирдлагууд  2022 онд байт харвааны тамирчиддаа  20 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн нь тамирчдад ихээхэн дэмжлэг болж, улс, бүс, олон улс тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож байна. 
 Үүний нэг жишээ нь байт харвааны заалны улсын аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгийн  “Хангарьд клуб”, “Ирээдүйн Одод” сургуулийн баг тамирчид 2013 оноос хойш тасралтгүй найман удаа тэргүүлсэн амжилтыг  үзүүлсэн билээ. 

Мөн Монголын Байт харвааны шигшээ багийн тамирчдын 80 хувийг  Орхон аймаг,  Эрдэнэт хотын тамирчид бүрдүүлж буй нь энэ спорт Орхон аймагт хэрхэн хөгжиж байгаагийн илрэл юм. 
Дэлхий дахинаа 1900-аад оноос, Монгол Улсад 1960-аад оноос эхлэн хөгжиж ирсэн байт харвааны спорт нь эдүгээ найман настнаас 80 настан хүртэл хичээллэх боломжтой спортын топ төрлүүдийн нэг болж хөгжжээ.   

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.