C°/C°
Орхон аймгийн хэмжээнд зуны турш үргэлжлэх бүтээн байгуулалтын ажлууд хэзээнээс эхлэх вэ? Асуултад хариу авахаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Даваадоржтой ярилцлаа.
-“50 тэрбумын зам” нэрээр нь Эрдэнэтийнхэн андахгүй болох нь. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ, ажлын зургууд нь бэлэн болсон уу?
-Манай аймаг “50 тэрбум төгрөг”-т багтаан нэлээд их замын ажил хийхээр төлөвлөснөөс гэр хороололд 12,6 км, орон сууцны хороололд 11,6 км автозам шинэчлэхээр тусгасан. Дээрх төсөвт багтсан ажлуудыг ангилж үзвэл, 46 ажил нь хуучин замуудыг хучиж сэргээх, 4 нь иргэдийн хүсэлтийн дагуу шинээр хийгдэх автозамын ажил байгаа юм. Хамгийн их эвдрэлтэй байдаг Дэнжийн автозам дээр хөрсийг нь хуулж, 1-3,6 км орчим автозамыг шинээр тавихаар төлөвлөсөн. Мөн Дэнжийн замаас Ёс заншлын цогцолбор хүртэлх нэг км, ПДУ хүртэлх замыг сунгах ажлууд хийгдэнэ. Улсын чанартай А1001 автозамыг “Жаст ойл”-ын шатахуун түгээх станц хүртэл 4 эгнээ болгон өргөтгөх ажил бий. Одоогоор зураг төсөвтэй ажлууд хийгдээд эхэлсэн.
-Дөрвөн эгнээ замын талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Дөрвөн эгнээ замын гүйцэтгэгч шалгарсан. Хуучин замыг өргөтгөх хэлбэрээр явах тул аль болох зам хаахгүйгээр ажлыг гүйцэтгэх талаас нь ярилцаад байна. Цэцэрлэгт хүрээлэн рүү гарсан гүүрэн гарц хийгдэх тул энэ хэсэгт замыг хаана. Уг ажлыг цаг агаартай уялдуулах, тухайн компанийн ажиллах хүчийг тооцоолон хуваарь гаргаад явж байна. Сургууль цэцэрлэг амрахаас өмнө хийж болох газар шорооны ажлыг хийе, улмаар хүүхдийн амралт эхэлсний дараа автозамын өргөтгөлийг хийе гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Үндсэндээ зураг төсвөөр хийгдэх ажлууд оны эхнээс буюу 01 дүгээр сарын 01-нээс эхэлсэн. Замын зураг чанартай байх ёстой учраас нэн түрүүнд 46 ажил дээр зургийн тендер зарласан. Одоогоор 6 зураг бүрэн дууссан тул бид худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 7-р сараас ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн зураг чанартай байхаас гадна тухайн ажлыг гүйцэтгэгч компанийн чадавхиас их зүйл хамаарах тул Улаанбаатараас орон нутаг руу компаниуд орж ирээсэй гэдэг үүднээс нээлттэй тендерүүд зохион байгууахаас гадна нэг компанид олон тендер, замын ажил өгөхгүй байх чиглэл барьж байна.
-Автозамын ажил тойрсон хүндрэл бэрхшээл юу байна вэ?
-Автозамын хучилт хийхэд аспальт, хайрга, дайрганы олдоцын асуудал үүсэж байгаа тул аймгийнхаа нөөц бололцоог харгалзан, тодорхой ажлуудыг ирэх онд шилжүүлэх төлөвтэй байна. Ирэх намар буюу 10 дугаар сарын 15-ны дотор эхэлсэн ажлуудаа дуусгана. Ингэхдээ Зам тээврийн Сайдын тушаалын дагуу автозамууд дээр хөндлөнгийн зөвлөх үйлчилгээ авч ажиллуулахаар төлөвлөсөн.
-Санхүүжилт нь орж ирсэн үү? Урьд өмнөх туршлагаас харахад маш олон чанаргүй автозам хийгдсэн. Одоо мөн л “50 тэрбум төгрөгийн чанаргүй автозам хүлээгээд авчих вий” гэсэн хардлага, болгоомжлол төрөөд байна?
-Санхүүжилт хараахан орж ирээгүй байна. Эрдэнэт үйлдвэрээс санхүүжилт орж ирэх тул эхний гүйцэтгэлүүд гарч, ажлын зургийг бэлэн болгох тал дээр анхаарч, бэлтгэл ажлыг хангаж байна. Замыг чанартай байх тал дээр онцгой анхаарч байгаа тул зөвлөх үйлчилгээг чухалчилна. Зөвлөх үйлчилгээ бол бидний өмнөөс гүйх мэргэжлийн баг байх юм. Зөвлөх үйлчилгээний тендерийг зарласан. Өөрөөр хэлбэл, дөрвөн эгнээ зам дээр лаборатори бүхий 7 мэргэжлийн инженерийн баг ажиллана, бид харин хөндлөнгийн хяналтаа тавина. Тухайн баг бидэнд чанартай хяналт тавьж, хүлээлгэж өгөх зарчмаар явна. Тиймээс чанар тал дээр асуудал гарахгүй гэж харж байна.
-Манай аймгийн хэмжээнд автозамын улсын байцаагчийн орон тоотой нэг л хүн ажилладаг. Тэр хүн энэ олон автозам дээр хүрч ажиллаж чадах эсэхийг хэрхэн тооцоолж байна вэ?
-Манайд мэргэжлийн хяналтын нэг байцаагч, автозамын нэг инженер бий. Тэд автозам тал дээр хяналт тавих үүрэгтэй. Ингэхдээ геологи, хөрс зэрэг замын чанартай бусад зүйлүүдийг хянах боломжгүй байдаг учраас мэргэжлийн хүмүүс ажиллуулах шаардлага үүсээд байгаа юм. Энэ удаагийн 50 тэрбум төгрөгийн замыг үр дүнтэй болгохын тулд хамгийн эхэнд зөвлөх үйлчилгээ авч байна. Хоёрт, замын чанарын асуудал яригдах тул гүйцэтгэгчийг мэргэжлийн байна уу, үгүй юу гэдэгт анхаарна. Бас автозамын зургийг шууд зурчих боломжгүй, трасс, шугам, сүлжээ яригддаг учраас мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, техникийн нөхцөлүүдийг гаргаж байна. Зургийг чанартай байлгах тал дээр анхаарч, гүйцэтгэгч компаниудад явцын хяналт тавьж байгаа.
Орхон аймгийн замын эвдрэлд нөлөөлдөг гол хүчин зүйл нь ус байдаг. Хуучин замууд дээр хучилт хийхдээ усаа хаагуур гаргах, хашлагыг ямар материалаар хийх вэ гэдэгт анхаарна. Зураг нь Мэргэжлийн зөвлөлөөр хянагдаж ирэхэд тодорхой хугацаа шаардаж байна. Дэнжийн зам цөмрөөд байгаа гол шалтгаан нь үл тохирох материал доод талд нь хийснээс болсон гэж үздэг. Иймээс зураг дээр ажиллаж байгаа инженерүүд материалд нь нэлээд сайн анхаарах шаардлага тулгарч байна. Мөн манай аймагт аспальтны хоёрхон үйлдвэр бий. 50 тэрбумын замыг тавихад 20 мянган м.куб аспальт хэрэгтэй тул бид энэ онд тавих замаа тооцоолох шаардлага гарч байгаа.
-Орон нутагт монополь үйл ажиллагаатай автозамын компаниуд бий. Горимын алдаа гаргаад, ахиад нэг чанаргүй зам нэмчихвэл яах вэ? Үүнд ямар хяналт тавих вэ?
-Манай аймагт замын 7 компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс аспальтан зам хийдэг хоёр л компани бий. Замын эвдрэл үүсгэж байгаа бас нэг хүчин зүйл нь барилгын бүтээн байгуулалтын ажлууд байна. Сүүлийн 2-3 жилд бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдсэнтэй холбогдуулан хүнд даацын автомашинууд хуучин замыг эвдээд байгаа гэсэн үг л дээ. Хүнд даацын автомашин хот дотор зорчихдоо тодорхой хууль дүрэм мөрдөх ёстой байдаг. Тухайлбал, 3 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний хооронд газар гэсдэг үе тул автозам дээр зорчих нь хориотой. Гэтэл аж ахуйн нэгжүүд болон иргэдийн барилгын ажил 03 дугаар сарын 01-нээс, улсын барилгын ажил 05 дугаар сард эхэлдэг.
“Монгол туургатны зам”-ыг өнгөрсөн оноос шилжүүлэн, Улаанбаатар хотын компани гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тус компани өндөржилт алдсанаас болж алдаагаа засах даалгавартай, 80 хувийн санхүүжилтээ авсан. Өндөржилт алдсанаас болж нийлж байгаа зам зөрүүтэй гараад байгаа тул геодези маш чухал байна. Ирэх жилийн зам дээр ийм асуудал гарахгүй байх тал дээр анхаарна.
-Замын ажил яг хэзээнээс хийгдэх вэ?
-Цаг агаарын төлөв +10 градусаас дээш тохиолдолд автозамын ажил хийгдэх боломжтой гэж үздэг тул энэ сарын 10-наас ажил хийгдэхэд цаг агаарын нөхцөл бэлэн болсон. Одоогоор дөрвөн эгнээ замын тендерт Улаанбаатар хотын “Шилдэг зам” компани гүйцэтгэгчээр шалгарч, өнөөдрийн байдлаар техникээ татах ажлыг хийж байна. Харин манай талаас улсын баяр наадам, хүүхдийн баяртай холбогдуулан төлөвлөгөөт ажлуудыг гаргаж байна. 2 болон 7 дугаар хорооллын тухайд хөндлөн замууд дээр дахин тендер зарлаж, үнэлгээний шатандаа явна. Харин гэр хорооллын хоёр мөртэй замын ажил 8 багт хийгдэхээр тусгагдсаны дагуу компаниуд уг замын ажлыг гүйцэтгэж байна.
-Дугуйн замын тухайд?
-Өнгөрсөн оноос шилжин хийгдэж байгаа нэг ажил бол городыг бүтэн тойрох 4,1 км дугуйн зам. Гүйцэтгэгч компанийг “Автозамын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй” гэдэг шалтгаанаар өнгөрсөн онд ажлыг зогсоосон. Энэ онд ажлыг хэрхэн дуусгах талаас бид хэд хэдэн удаа хуралдаж, гүйцэтгэгч компанид тусгай зөвшөөрөл авах шаардлага тавьсан. Эсвэл гэрээг цуцалж, ажил хийгдсэн хэмжээгээр гүйцэтгэлийг олгох, дахин мэргэжлийн компани ажилуулах чиглэлтэй байна.
-Бетон, аспальт гэсэн хоёр материал яригдаад байх шиг байна?
-Анх дугуйн замыг бетоноор хийж, дээрээс нь будах зураг гаргасан. Өнгөрсөн онд нийт замын 30-40 хувийг бетоноор хийсний дараа ажлын гүйцэтгэлийг зогсоосон. Бетоны чанарыг үзээд, аспальтаар хийе гэсэн шийдэлд хүрсэн тул өнөөдөр зохион байгуулалтын ажил буюу зураг өөрчлөх ажлыг давхар хийж байна. Зураг гарсны дараа гүйцэтгэгч компанитай хэдэн төгрөгийн ажлыг, ямар дүнгээр гүйцэтгэсэн, мөнгө нь дүйцэж байна уу, ажлыг нэмж хийх эсэхэд шийд гаргана.
-Гурван замын пост юу болов?
-Гурван замын постыг нүүлгэн шилжүүлэх ажил дээр 400 гаруй сая төгрөг төсөвлөж, тендер зарласан, гүйцэтгэгч нь шалгарсан. Гүйцэтгэгч компани одоогоор материал татан авалтаа хийж, бэлтгэлээ хангаж байна. Энэ зуны улиралд багтаан нүүлгэн шилжүүлэх ажлыг бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Постыг Жаргалант сумын Цагдаагийн шалган нэвтрүүлэх постны цаана гаргахаар болсон.
СЭТГЭГДЛҮҮД /0/