Ө.АЛТАНСУВД: Бүх зүйл хууль хяналтын байгууллагаар нотлогдоно гэдэгт итгэлтэй бай

“Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад өмхийрсөн махаар хоол хийж өгсөн үү, энэ мах магад Эмээлтээс ирэв үү” гэх мэдээлэл сошиал ертөнцөд шуугиан тарьснаас хойш 10 хоног өнгөрч байна. “Хэрэг явдлын мөрөөр шалгалтын комисс хэрхэн ажиллав, өмхийрсөн мах байсан уу үгүй юу, хонины 60 гулууз хаашаа оров” зэрэг эргэлзээ тээнэгэлзэл дагуулсан асуултууд ар араасаа хөвөрсөөр. Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс “Оддөл” ХХК-ийн Санхүү харицсан дэд захирал Ө.Алтансувдаас зарим зүйлийг тодрууллаа.

Бид мөн уг асуудлаар Эрдэнэт үйлдвэрээс үргэлжлүүлэн хяналт  шалгалттай холбоотой мэдээллийг тодруулж хүргэх болно.

-Юуны өмнө та “Оддөл” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхүй юу? Халуун хоолны үйлдвэрлэлийг хэдийнээс эхлэн явуулж байна вэ?

-Манай компани 2006 оноос хойш хоол үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг халуун хоолоор хангах гэрээт ажлыг 2014 оноос эхлэн гүйцэтгэсэн. Энэ хугацаанд дунд нь гурван жил завсарлаж, өнөөдрийг хүртэл гэрээний дагуух үүргээ Эрдэнэт үйлдвэрээс тавьж байгаа чанарын шаардлагад нийцүүлэн, 24 цагийн турш хөндлөнгийн болоод дотоод хяналтан дор гүйцэтгэж ирсэн.

-“Ажилчдын хоолыг өмхий махаар хийсэн” гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Мэдээллийн мөрөөр ямар арга хэмжээ авсан бол, Эрдэнэт үйлдвэрээс нэгдсэн хяналт шалгалт хийгдсэн үү?Одоо ямар шатандаа явж байгаа бол..

-Юуны өмнө үүсээд байгаа нөхцөл байдлыг товч тайлбарлах нь зөв байх.  Тус сайтад мэдээлэл тавигдсан даруйд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 11:00 цагийн үед 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй Эрдэнэт үйлдвэрийн “Хүнсний аюулгүй байдлыг хангах баг” манай компанид гэнэтийн шалгалт хийсэн. Гол шалтгаан нь  сайтад нийтлэгдсэн мэдээлэлд үндэслэн, шуурхай баг томилон ажиллуулсан байсан. Тус комиссынхон манай үйл ажиллагаа явуулж байгаа АБК салбарын хоол үйлдвэрлэлийн объектод үзлэг шалгалт хийж, олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа мэдээлэлд дурьдсан хонины 60 гулууз махыг эрж хайсан. Гэвч сэжиг бүхий 1 кг мах ч илрүүлээгүй. Улмаар махыг тээвэрлэсэн байж болзошгүй хэмээн үзэж, үйлдвэрийн дүүрэгт байрлах цагдаагийн шалган нэвтрүүлэх постоос мэдээлэл авсан байсан.

-Тухайн өдөр танай автомашин шалган нэвтрүүлэх хэсгээр ачаа тээвэрлэн гарсан хэрэг үү?

-Тухайн өдрийн өглөө манай тээвэрлэлт хийдэг бага оврын ачааны машинд салбарын зориулалтаар нь бэлтгэгдсэн мах, ногоо гарсан. Тухайн савлагаатай хүнсийг “Энержи” ресторан дээр авч ирсний дараа ангилан ялгаж, тус тусын хөргүүр болон хөлдөөгчинд хийсэн байсан. Гэтэл тухай өдөр Хяналт шалгалтын багийнхан ресторан дээр ирээд “Мах ирсэн үү” гэж асуугаад, үзэж харъя гэсэн юм билээ. Тээвэрлэлт хийсэн мах, ногоог манай ажиллагсад ангилан ялгаснаа хэлж тайлбарлан шалгуулсан. Ингээд манай үйл ажиллагаа явуулдаг салбар нэгж болох “Энержи” ресторанаас гадна Булган аймгийн Хангал сумын нутагт байрлах “Энержи галтай” саам амралт, мөн Баянцагаан багт байрлах хөргүүртэй контейнерыг үзэж шалгасан. Шалгалтаар өмхийрсөн, муудсан мах гарч ирээгүй тул манайхаас хоолонд хийхээр бэлтгэсэн хэрчилттэй махыг шинжилгээнд өгөхөөр дээж аваад явсан. / Үүний зэрэгцээ хувийн өмчид хууль бусаар халдсан асуудал бас байгаа./

-Эрдэнэт үйлдвэр шуурхай арга хэмжээ авч ажилласан ч гэлээ танайхыг шалгалтын комиссыг ирэхээс өмнө өмхийрч муудсан махыг зөөсөн байж болзошгүй гэсэн хардлага яваад байх шиг байна?

-“Хоол үйлдвэрлэлд ашигласан байж болзошгүй муудсан махыг зөөчихлөө” гэж тэд үзээд байгаа. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн шалган нэвтрүүлэх хэсгээр бараа материал оруулж гаргана гэдэг маш нарийн, хяналттай ажил байдгийг энд онцлох нь зөв байх. Оруулж, гаргаж байгаа бүтээгдэхүүний тоо ширхэг, гарал үүсэл, шинжилгээний бичиг баримт гээд бүгдийг үзэж шалгаж байж оруулдаг. Мөн ямар нэг машин гаргахдаа ч нарийвчилсан үзлэг хийж байж гаргадаг дотоод журамтай. Гэтэл манайд 60 гулууз мах ачаад орох, авч гарах зөвшөөрөлтэй том оврын машин байхгүй. Оруулаад гаргасан байлаа гэж бодоход цагдаагийн шалган нэвтрүүлэх хэсэгт 30-40 минут саатна, бүх үйл явц камерт бичигдэнэ шүү дээ. Хяналт шалгалтын багийнхныг үнэн зөвөөр асуудлыг олж хараасай, мэдээлэлд ул суурьтай хандаасай гэж л хүсэж байна.

-Дээж авсан махны шинжилгээний хариу гарсан уу?

-Хяналт шалгалтын багийнхан 05 дугаар сарын 09-ний өдрийн 11:00 цагт шинжилгээнд өгөх дээжийг авч явсан. Гэтэл маргааш нь буюу 05 дугаар сарын 10-ны өдөр дээж авч явсан шалгалтын бүрэлдэхүүн манай Үйл ажиллагаа хариуцсан захирал Ө.Цэрмаатай утсаар холбогдон, “Дээжийг шинжилгээнд өгөх гэтэл танай регистер байдаггүй ээ” гэж ярьсан. “Одоо хүртэл манай шинжилгээг өгөөгүй хэрэг үү, нэг хоночихлоо, яагаад өгөөгүй юм бэ” гэж асуухад “Өчигдөр өгсөн, одоо бүртгүүлэх гэж байна” гэсэн хариу өгч л дээ.

Энэ тохиолдолд бид зүгээр суух аргагүй шүү дээ. Мал эмнэлгийн газарт өөрийн биеэр очиж лавлахад, “Танай шинжилгээний дээжийг 05 дугаар сарын 10-ны 09 цаг 42 минутад  өгсөн” гэдэг хариу авсан. Ингээд бодохоор 24 цагийн дараа дээжийг шинжилгээнд өгсөн болох нь тодорхой байна. Зориулалтын хөргүүрт байсан махыг дулааны улиралд хэрхэн, хаана тээвэрлэж, ямар нөхцөлд хадгалж байсан, дээжинд авсан махны хэлбэр дүрс хэмжээг өөрчилсөн эсэх нь тодорхойгүй нөхцөлд 24 цаг болгосон нь ямар зорилготой байсныг бид хэлж мэдэхгүй байна. Манай талаас шинжилгээнд дээж өгөхөд хүн авч яваагүй, шинжилгээнд хамтарсан гарын үсэг ч зураагүй.

Дээрх будлиантай асуудлын улмаас манай тал Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны хэлтсийн албаны дарга болон ажлын хэсгийхэнд хандсан. Ингэхдээ “Манайхыг яагаад байгаа юм бэ, энэ бүхэн зорилготой юм биш үү, өмхий мах хайж ирээд, гарч ирэхгүй болохоор нь манайхаас авч явсан дээжийг нэг хонуулж шинжилгээнд өгдөг нь ямар учиртай вэ” гэдгийг шалгалт ахласан хүнээс лавлахад “Надад шинжилгээнд тус дээжийг тэр даруйд нь өгсөн” гэж л хэлсэн нь үгүй байсан юм байна гэж хариулсан...  

Одоо бол шинжилгээний хариу гарсан. Энэ бүхнийг “Санаатай үйлдэл” гэж үзэх бүрэн үндэслэл бидэнд бий.

-Дээжийг 24 цагийн дараа шинжилгээнд өгсөн нь ямар учиртай болохыг та дахин лавласан уу?

-ҮЭХ-ны даргаас энэ талаар асуугаагүй, харин эрүүл ахуйчаас асуусан. Тухайн өдөр дээжийг хүргэхээр очиход, мал эмнэлгийн лабораторийнхон “Мод тарина” гээд нэг ч хүнгүй байсан гэсэн. Улмаар дээжийг хүнсний скочоор ороогоод хажуугийнх нь рестораны хөргүүрт хийгээд орхисон гэдэг хариу өгсөн. Маргаантай, асуудалтай, хүний ажил, амьдралыг дэнсэлж байх үед ийм үйлдэл хийснийг нь юу гэж ойлгохоо мэдэхгүй байна. Дээж болгон авч явсан мах солигдсон эсэх, ямар нөхцөлд хадгалж байж хүргэгдсэн, анх авсан дээж хэлбэр дүрс, жингээ хэрхэн өөрчилснийг ч бид мэдэхгүй. Үүний дараа өдөр нь Мал эмнэлгийн лаборатори, Хүнс хөдөө аж ахуйн газраас байцаагч нар ирж хяналт шалгалт хийхдээ махны гарал үүсэл, шинжилгээний бичиг зэргийг шалгаж үзээд, ариутгасан саванд дээжийг авч явсан.

-Шинжилгээний эцсийн хариу ямар гарсан талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Мал эмнэлгийн лаборатори, Хүнс хөдөө аж ахуйн газрын байцаагч нарын хяналт шалгалтаар авсан махны  шинжилгээний хариу хэвийн гарсан бол, Хяналт шалгалтынхны хонуулж өнжүүлэн байж шинжлүүлсэн гялгар ууттай авч явсан махны дээжнээс гэдэсний бүлгийн савханцар илрээгүй болон бусад үзүүлт хэвийн харин нянгийн хэмжээ нь ердийнхөөс өндөр гарсан. /Энэ нь дээж авах, хүргэх горим зөрчсөн, зориулалтын бус газарт авч хадгалсанаас болсон байх магадлалтай/

-Эмээлтийн өмхий мах уу, эсвэл нөөцийн мах нь өмхийрч муудсан уу гэдэг асуултууд олон нийтийн дунд байсан. Өнөөдрийн байдлаар хоол үйлдвэрлэлд ямар мах хэрэглэж байна вэ?Халуун хоол үйлдвэрлэлийн тухайд мах бол гол орц шүү дээ ...

-Манайх халуун хоол үйлдвэрлэлийн чиглэлээр өдөрт үйлдврийн хяналт шалгалтын багийн хяналтанд 1000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг. Энэ төрлийн бизнес эрхэлж байгаа хүн “Эмээлт”-ээс мах зөөнө гэж байх уу. Шинжилгээ, гарал үүсэл нь тодорхой эрүүл мах зэргэлдээх Хөвсгөл, Булган аймгуудад байсаар атал “Эмээлт”-ээс өмхий мах авчирч олон хүний хоол хийх нь компанийн болоод хувь хүний ёсзүйд, огт  байж болохгүй үйлдэл шүү дээ. Манайхыг хардаж байгаа хүмүүс цагдаа, тагнуулын байгууллагынхантай хамтран, камер шүүж, шалгаад явсан ч болно. Энэ бол арай дэндүү, зорилготой хардлага гэж би хувьдаа харж байна. Бид малчдын гар дээрээс мах авч, лабораториос шинжилгээний бичиг нь гараагүй тохиолдолд хоол үйлдвэрлэлд ашиглахгүй, хариу гарсны дараа хэрэглэх зарчмаар явдаг. Харин намар 10, 11 дүгээр сард мах нөөцөлж, зориулалтын контейнерт хадгалдаг. Өнөөдрийн байдлаар бид Хөвсгөл аймгийн малчдаас бэлтгэсэн нөөцийн махаар хоол үйлдвэрлэл явуулж байна.

-Цахим орчинд тарсан мэдээллийг хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг ялгахад бэрх. Танай компанийн зүгээс үүсээд байгаа асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Цахим орчинд тарсан мэдээллийн мөрөөр манай бүх объектыг үзэж шалгалаа. Ингэхдээ Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны хэлтсийн албаны даргаар ахлуулсан 10-аад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг явсан хэдий ч өмхийрч муудсан гулууз мах олсонгүй. Мөн хоолны амт чанарт нөлөөлсөн гэх үндэслэлээр өмхийрч муудсан мах хайсан. Хэрэв бид, өнгөрсөн 4 дүгээр сараас хойш өмхийрсөн махаар хоол үйлдвэрлэсэн бол үйлчлүүлэгчдээс гомдол санал гарах ёстой. Тогооч нар ч тийм үнэр орсон махаар хоол үйлдвэрлэнэ гэж байх уу. Мэдээллийн үнэн зөвийг ялгах амаргүй ч гэлээ бодит байдалд үндэслэн дүн шинжилгээ хийх нь оновчтой гэж харж байна. Манай Ерөнхий захирал болон Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, ХАБЭА-н мэргэжилтэн өнгөрсөн 7 хоногт Эрдэнэт үйлдвэрийн холбогдох удирдлагатай хамтарсан хурал хийж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал солилцсон.

-Цахим мэдээлэлд тавигдсан зурагны тухайд юу хэлэх вэ? Уг зурагний тухайд баттай эх сурвалжаас авсан тухай яригдаж байгаа

-Эрдэнэт үйлдвэрийн Эрүүл ахуйн хяналтын багаас “Нян бактер үрждэг” гэдэг утгаар нь модон поддон ашиглахыг зөвшөөрдөггүй. Хэрэв манайд зураг дээрх поддон байсан бол сар бүрийн хяналтын баг “Үүнийгээ гарга” гэдэг л чиглэл өгнө. Зургийг тал бүрээс нь зураглал хийж үзэхэд шалны өнгө өөр, мах хийсэн сав суулга нь ч өөр юм билээ. Эрдэнэт үйлдвэрийн Эрүүл ахуйч н.Баярцэцэг урд өдөр нь буюу энэ сарын 08-ны өдөр шалгалтаар явсан. Түүний зөвлөгөө зөвлөмжөөс дээрх сав суулгууд манайд ашиглагддаггүй болох нь бүрэн нотлогдоноо. Мөн эрүүл ахуйчийн ажилласан өдөр нь уг муудсан мах байгаа гэх мэдээлэл гарахын өмнөх өдөр байж таарч байгаа юм. Манай захирал сайтын сэтгүүлч, уран бүтээлчдийг “Үйлдвэрлэлийн объектод ирж танилцаач, энэ зураг манайх гэдгийг яаж нотлоод байна вэ” гэж асуухад хариу өгөөгүй. Ямартаа ч бүх зүйл хууль хяналтын байгууллагаар нотлогдоно гэдэгт итгэлтэй байна. /Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н шалгалтын баг  ирэхэд зураг дээрх мах байгаагүй, хоолонд ороогүйг болохыг шалгасан. Энэ мах нь манайд байх боломжгүй махны зураг оруулсан байналээ./

-Хүнд хөдөлмөр эрхэлж байгаа уурхайчдын хувьд халуун хоол нэн тэргүүнд тавигдах асуудал мөн. Дээрх  мэдээллийн дараах нөхцөл байдал хэр байна вэ?

-Мэдээлэл цацагдсанаас хойш амаргүй өдрүүд өнгөрч байна. Мэдээж бизнесийн байгууллагад өдөрт 300-400 хүн хоолонд орохгүй байх нь хохиролтой шүү дээ. Манай компани ямар нэг мэдэгдэл, олон нийтэд хандсан мэдээлэл өгөөгүй тул дээрх сөхөгдсөн асуудал үнэн бодит юм шиг харагдаад байж магадгүй юм. Бидний зүгээс шинжилгээний хариугаа хүлээж, гарсан дүнг нийтэд танилцуулах нь оновчтой гэж харсан.

Мөн бизнесийн нэр төрд халдсан уг асуудлын хүрээнд мэдээлэл гаргасан сайт болон ҮЭ-ийн дарга Ж.Мөнгөншагайг зохих журмын дагуу хууль хяналтын байгууллагад өгсөн. Эрдэнэт үйлдвэрт хоёр удаа хүсэлт хүргүүлэхдээ, Нэгд, хамтарсан хурал хийх, Хоёрт, Хуулийн хэлтсээс үнэн мөнийг тогтоож өгөхийг хүссэн. Шаардлагатай санхүүгийн бичиг баримтуудаа бүгдийг гаргаж шалгуулсан. Бидэнд нуух зүйл үнэндээ алга. Удахгүй халуун хоолны тендер дахин зарлагдана. Магадгүй бизнесийн шударга бус өрсөлдөөн өрнөж байхыг ч үгүйсгэх аргагүй ээ

-Анх мэдээлэл тавигдсан сайттай танай зүгээс холбогдож тайлбар мэдээлэл хүргэсэн үү?

-Орон нутгийн сайтын зүгээс махны асуудлаар манай руу утсаар залгаж ийм зүйл болсон уу гэж асуусан бид ирээд уулзах хэрэгтэй байна. Мэдээлэл дэлгэрэнгүй хүргэе гэж утсаар ярихад нь хэлсэн гэвч ахиж огт холбогдоогүй. Бид  нэг талыг барьсан мэдээлэл цацсан нь хэвлэл мэдээллийн байгууллагын ёсзүйд нийцээгүй гэж харж байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд хүрдэг давуу байдлаа ашиглан, хамгийн ёсзүйгүй үйлдлээр нэг компанийн эрх ашигт шууд халдаж, 120-130 хүний ар амьдралыг дааж яваа байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Тус сайтын сэтгүүлч нь манай үйлдвэрлэлийн ажилтай танилцаагүй, үйлчлүүлж байгаа нэг ч ажилчинтай уулзаагүй, ажлын байр, ажилчдын хоол үйлдвэрлэлийн процесс, хяналт шалгалтын журмын талаар одоогоор ямар ч мэдээлэл аваагүй л байна. Бид холбогдох хууль журмын дагуу зохих байгуулагад нь  хандсан. Аль ч талаасаа шууд нотлогдоогүй байхад шууд олон нийтэд хүргэсэн. Шалгадаг хянадаг байгууллага нь уг асуудлаар ажиллаж өгнө гэдэгт итгэж байна.

 

Хүнд нөхцөлд ажиллаж буй уурхайчид, ажилчид эрүүл, чанартай хоол хүнс идэх учиртай. Тэр ч үүднээсээ бид өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг тал талын байр сууринаас хүргэх үүднээс "Оддөл" компанитай холбогдож зарим асуултанд хариулт авлаа. Үргэлжлүүлэн бид "Эрдэнэт" үйлдвэрийн зүгээс хяналт шалгалттай холбоотой асуудлаар мэдээлэл бэлтгэн хүргэх болно.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%