Н.Эрдэнэхүү: Монгол Улс хавдаар өвдсөн иргэдийнхээ тавхан хувийг эрт илрүүлж байна. Үлдсэн нь иргэд эцсийн шатандаа ороод ирж байна. Хавдраар оношлогдоод жилийн дотор нас баралт 60 хувийг эзэлж байгаа

 Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж буй тэрээр  Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцсан ярилцлагыг хүргэж байна

-Улаанбаатар хотын утааг шийдэж чадахгүй 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд утаа иргэдийн эрүүл мэнд тэр дундаа хавдрын өвчлөлд хэрхэн нөлөөлж байгаа судалгааг ХСҮТ-ийн эмч нар хийсэн үү?

-Манай улсад судалгаа хийнэ гэдэг амаргүй. Судалгааны ажил маш өндөр өртөгтэй байдаг. Тиймээс бид судалгаа хийх нь хомс байдаг. Гэхдээ олон улсын төслийн хүрээнд генетикийн хамгийн дээд түвшний судалгааг хийсэн. АНУ, Испани, Франц, Сингапур зэрэг улстай хамтран генийн түвшинд элэгний эс дээр судалгаа хийсэн. Энэ судалгааг одоогоор Монгол Улс дангаараа хийх боломжгүй. Утаа аль хавдарт илүү нөлөөлж байгааг бид уушги, нойр булчирхай, хөх гэх мэт хавдар дээр судалж болно. Харамсалтай нь ийм судалгаа байхгүй. Харин элгэн дээр хийсэн нэг судалгаа л байгаа. Гэтэл элэг утааны нөлөөлөл хамгийн бага эрхтэн. Хамгийн эхлээд уушги, хамар залгиур, нойр булчирхай гээд ярих ёстой юм.

-Тэгвэл уушги, амьсгалын эрхтэн гэх мэт утааны нөлөөлөл хамгийн их байх эрхтнүүдийн хавдрын өвчлөл хэр байна вэ. Энэ талаарх судалгааг хийсэн үү?

-Манай улс дэлхий дээр элэг, ходоодны хавдраар тэргүүлж байгаа. Одоо уушги, улаан хоолойн хавдраар араас нь орж байна. Нас баралтаараа дэлхийд эхний 10-т орж байна. Уушгины хавдар бол дэлхийд тэргүүлж байгаа хавдрын нэг. Гэтэл манайд бүртгэгдэж байгаа уушгины хавдар дэлхийд мөн тэргүүлээд эхэлж байна. 10, 15 жил гэлтгүй уушгины хавдрын нас баралтаар элэг, ходоодоо тэргүүлээд нэгт орно гэж бид бүхэн харж байгаа.

-Сүүлийн үед хавдрын өвчлөл асар нэмэгдэж байна. Энэ яг юутай холбоотой юм бэ. Эрт илрүүлээд байгаа учраас өвчлөл нэмэгдэж байгаа харагдаад байна уу, эсвэл утаа, чанаргүй хүнс, амьдралын буруу дадлаас үүдээд байна уу?

-Эрт илрүүлж байгаагаас болж байна гэхээр манай улс нийт хавдрын тохиолдлынхоо тавхан хувийг эрт үед нь илрүүлж байна. Өмнө нь 70 хувь нь хожуу шатандаа илэрдэг байсан бол одоо 65 хувь нь илэрч байна. Гэтэл бусад улс орнууд 25-аас доош хувь дотор байна. Ер нь илрүүлсэн ч гэж хэлэхэд хэцүү юм. Иргэд өөрсдөө эцсийн шатанд орохоороо ирж байгаа. Тиймээс ч нэг жилийн дотор буюу оношлогдсон жилдээ 60-аад хувь нь нас барж байна. Энэ хамгийн харамсалтай тоо болчихоод байгаа юм. Нэг үгээр бид хожуу шатанд нь илрүүлсээр л байна. Эрт шатанд нь илрүүлж чадахгүй байсаар байгаа. Тиймээс сайн дурын ч юм уу, нэг удаагийн улс төрийн илрүүлгийн тогтолцоо үр дүнтэй болж чадахгүй. Монгол Улсад тогтсон хяналтын тогтолцоо бүрдэж байж эрт илрүүлдэг болно.

Түүнээс биш хэн нэгэн мундаг дарга гарч ирснээр шинэ юм бий болдог, бүтдэг юм биш. Тогтолцоо бүрдүүлэх ёстой юм. Тогтолцоог бий болгоод байнга сайжруулж байх ёстой. Бид нэг юм эхлүүлээд хаядаг, дараагийн хүн нь дахиад шинэ ухаантай юм гаргаж ирдэг. Гэтэл дэлхийн улс орнууд аль хэдийн бий болгочихсон тогтолцоог дагаад хийгээд байх л ёстой юм.

-Тэгвэл манай эрт илрүүлэг хавдрын өвчлөлийн тавхан хувьд л үр дүн үзүүлсэн юм байна. Эрт илрүүлэг нэвтрүүлсэн ч үр дүнтэй болж чадаагүй гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Эрт илрүүлэг хэдийдээ үр дүнтэй байх вэ гэхээр хамгийн бага зардлаар хамгийн үр дүнтэй, үр ашигтай зүйл хийснийг л хэлнэ. Тиймээс бид бага зардал гаргаад олон хүний хавдрыг илрүүлж чадсан бол үр дүнтэй илрүүлэг болно. Саяын явсан илрүүлэг Монгол Улсад тус болсон уу болсон. Эрт илрүүлэг гэж ярьдаггүй байсныг ярьдаг болгосон. Гэхдээ байнгын тогтвортой, хавдрыг эрт илрүүлж байдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Энэ тогтолцоог дэлхийн улс орнууд хяналтын тогтолцоо гэж нэрлэдэг. Энэ тогтолцоо нь сум нь хүмүүсээ хянаад сумыг нь аймаг, аймгийг нийслэл нь хянаад эрт илрүүлэгт орох насны товлолоор нь үзлэгээ хийгээд явдаг. Тухайлбал, 45 нас хүрсэн бол бүдүүн, шулуун гэдэсний дурангийн шинжилгээ хийнэ гэсэн үг. Учир нь энэ насныхан бүдүүн гэдэсний хавдар илрэх хамгийн магадлалтай. Бүдүүн гэдэсний хавдар чимээгүй хавдрын нэг.

-Хүүхдүүд, залуучууд ч гэсэн хавдраар өвдөөд байна. Энэ нь утаа, чанаргүй хүнс, амьдралын буруу хэвшилтэй холбоотой байна уу?

-Танай асуусан шалтгаан гэдэгт хариулж чадахгүй байгаа нь энэ л дээ. Монгол Улсад хавдрыг үүсгэх маш олон төрлийн шалтгаан байгаа. Утаа, хоол хүнс, тамхи, архи гээд маш олон шалтгаан, хүчин зүйл нөлөөлөөд байгаа.

Ж.Чинбүрэн эмч нарын хийсэн ХСҮТ-ийн судалгаан дээр нэг тоо гарсан. Энэ нь элэгний хавдар В,С-ээр үүсгэгдсэн байна. Мөн байгаль орчны шалтгаанаар үүссэн гэсэн үр дүн гарсан. Түүнчлэн энэ судалгаагаар барууныхан, европынхон 1-2 мутациар хавдар үүсгэгдсэн бол монгол хүний хавдрыг үзэхэд долоо дахин илүү мутациар үүсгэгдэж байна гэсэн үр дүн гарсан. Нэг үгээр хэлбэл, монголчуудын хавдар утаанаас болсон гэхээсээ илүү маш олон шалтгаанаар үүссэн байна гэсэн үг.

Бидний бие дээр уушги, хөх, ходоодны хавдар үүсэж байгаа. Гэтэл үүнд ганцхан шалтгаан нөлөөлөөд байгаа юм биш. Маш олон хүчин зүйл нөлөөлөөд өөр өөр төрлийн мутаци өрсөлдөж хавдар үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр бид хамгийн их хархны гэж хэлдэг хавдар үүсгэх хүчин зүйлд нөлөөтэй орчинд амьдарч байгаа ард түмэн болж хувирчихаад байна.

 

Монгол Улс хавдаар өвдсөн иргэдийнхээ тавхан хувийг эрт илрүүлж байна. Үлдсэн нь иргэд эцсийн шатандаа ороод ирж байна. Хавдраар оношлогдоод жилийн дотор нас баралт 60 хувийг эзэлж байгаа.

-Улс орон нь утаа, хоол хүнсэндээ өөрчлөлт хийж чадахгүй юм байна. Тэгвэл хувь хүн хавдраас сэргийлэхийн тулд яах ёстой юм бэ. Сэргийлэх боломж байна уу?

-Иргэд ядахдаа тамхи татахаа болих хэрэгтэй. Спортоор хичээллэж, эрүүл хоол хүнс хэрэглэх гэж хичээх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхэн амьдрал дээр бодитой биш л дээ. Хоол хүнс гэхээр эндээсээ л худалдаж авч хэрэглэнэ шүү дээ. Дээр нь мөнгөний хязгаартай. Манай монголчуудын 30 гаруй хувь нь ядуурлын зэрэгтэй. Ийм хүмүүс органик, химийн орц найрлагагүй хүнс авъя гэхээсээ илүү амьдралаа зогоож хоол идэж байна. Дээр нь энэ утаан дотор амьдарч байгаа хүмүүс яаж ч өөртөө анхаараад хавдрын эрсдэлээс зугтаах боломжгүй. Дээр нь монголчуудын хорт зуршил их байна. Энэ нь мөн л төрөөс шалтгаантай. Үүний эсрэг төрийн хүчтэй бодлогууд аажмаар суларсаар байна. Тамхины хууль суларч байна, электрон тамхи зах замбараагүй татаж байна, хоол хүнсний аюулгүй байдал гэж байхгүй болсон. МХЕГ-ыг татан буулгаснаас болж хоол хүнсний аюулгүй байдлаас гадна, рестораны стандарт гээд олон зүйл байхгүй боллоо. Энэ мэт яривал маш олон хүчин зүйлийн дунд амьд үлдэх гэсэн хэдэн монголчууд л болж хувирчихаад байна.

-Хавдрын өвчлөл нэмэгдэхийн хэрээр та бүгдийн ажил, эмнэлгийн ачаалал ч хэтэрсэн. Дахиад шинэ эмнэлэг барихаар ярьж байгаа ч 5-6 жилийн дараа ашиглалтад орохоор байгаа. Тэгвэл үүнээс наана эмнэлгийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий юү. IV эмнэлгийн барилгыг худалдан авах асуудлыг ярьж байна. Үүнийг авснаар танай ачаалал буурах уу?

-Хамгийн чухал ажил бол Хавдар II гэсэн үндэсний төв эмнэлэгтэй болох. Ажилчин, өвчтөндөө ээлтэй, стандартын хамгаалалттай, хагалгаа, химийн эмчилгээ хийдэг эмнэлэг байх ёстой. Одоогийн эмнэлэгт энэ стандарт байхгүй гэсэн үг. Энэ эмнэлгийг барьтал яах вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Шинэ эмнэлэгтэй болтол ачааллыг багасгахын тулд олон гаргалгаа хайх хэрэгтэй болж байна. Үүний нэг нь IV эмнэлгийн барилгыг улс бидэнд өгөх гээд байх шиг байна. Энэ эмнэлэг 100 орны багтаамжтай. Энэ эмнэлгийг манайд өгвөл манайх 325 ортой болно гэсэн үг.

-Ачааллыг багасгаж чадах уу?

-Ачааллыг 20 хувиар бууруулна. Хэвтэн эмчлүүлэхээр хүлээгдэж байгаа, хөнгөвчлөх гэх мэт олон төрлийн эмчилгээтэй хүмүүсээ авч болно. Харин хагалгааны өрөө байхгүй учраас хүчин чадал нэмэгдэхгүй. Амбулаторийн ачаалал багасна.

Хавдар II эмнэлэг барихтай холбоотойгоор Ерөнхийлөгч захирамж гаргаж ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн нарийн бичгээр би ажиллаж байгаа. Энэ хугацаанд бид барилга барихын хажуугаар хүний нөөцийн стратегиа гаргаад эртнээс бэлдэж явна. Ямар тусламж үйлчилгээ монголд байхгүй байна тэрийгээ хийе гэж урам зоригтой зүтгэх хэрэгтэй. Даатгалын сан ч үүнд бэлтгэлтэй байх ёстой. Монгол Улсын иргэн энэ эмнэлгийн хаалгаар орлоо гэхэд гаднын улсад явуулахгүйгээр өвчнийг нь эмчлэдэг болгож цогцоор нь шийдсэн байх ёстой. Ингэхийн тулд зүрх, цусны эмч нь байх ёстой. Хими туяа нь хамгийн сайн эмүүдтэй байх, “энэ химийн эм манайд байхгүй учраас гадагшаа яв” гэж хэлдэггүй л байх хэрэгтэй. Энэ мэт чухал асуудлуудыг барилга барихын хажуугаар шийднэ. Ингэж байж Монгол Улс хавдраар өвдсөн иргэдээ гадагшаа явуулахгүй болно. Улс орны мөнгөтэй хэсэг нь гадагшаа явдаггүй болж байж эрүүл мэндийн салбарт тодорхой мөнгө хөрөнгө нь үлдэнэ. Үүний хэмжээгээр эргэлтүүд бий болох ёстой гэж харж байгаа.

Тамхины хэрэглээ асар өндөр, электрон тамхи зах замбараагүй татаж байна, хоол хүнсний аюулгүй байдал гэж байхгүй болсон. МХЕГ-ыг татан буулгаснаас болж хоол хүнсний аюулгүй байдлаас гадна, рестораны стандарт гээд олон зүйл байхгүй боллоо. Энэ мэт яривал маш олон хүчин зүйлийн дунд амьд үлдэх гэсэн хэдэн монголчууд л болж хувирчихаад байна.

-Та хавдрын шинэ эмнэлэгтэй болно гэдэгт хэр итгэлтэй байна вэ. Маш олон жил шинэ эмнэлэг барина гэж ярьсан ч 2025 оны эхний төсөв дээр санхүүжилт ч тавиагүй байсан шүү дээ?

-Шинэ эмнэлэг барина гэж бид 10 жил ярьсан. Энэ хугацаанд хүмүүс ч ойлгож эхэлсэн. Бүх түвшинд ойлгоод эхэллээ. Хавдрын өвчлөл ихсээд айл бүхэнд уй гашуу болж ирж байна шүү дээ. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлаад ажлын хэсэг гаргаад явах шийдвэр гаргасан учраас итгэл төрж байгаа. Ялангуяа газрын асуудлыг маш хурдан шийдсэн. Бүх дэд бүтэц нь шийдэгдсэн газар байгаа. Энэ ажлын хэсэгт Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нь байгаа. Санхүүжилтийнхээ тодорхой хэсгийг төсвөөс гаргаад, гаднын улс орноос зээл, тусламж олох байх. Энэ эмнэлгийг ашиглалтад оруулснаар эргээд эдийн засгийн бүтээмжээр өртгөө нөхөх боломжтой. Хамгийн гол нь эмнэлгийг барихдаа тог зарцуулдаг бус тогийг өөрөө нараар бүтээдэг, эко эмнэлгийн жишгээр л барих хэрэгтэй.

Дээр нь шинэ залуучуудыг хүн дээр бус хиймэл орчинд сургаад чаддаг болсны дараа хүн рүү оруулж ажиллуулж сайн эмч болгодог эмнэлэг л болох ёстой. Өвчтөний ганцхан бие бус сэтгэл санаа, сэргээн засах, эргэн дуудах, эрт илрүүлгийн гээд олон асуудлыг шийддэг байх хэрэгтэй.  

-Жилд хавдраар өвчилсөн хэдэн хүн гадагшаа явж эмчлүүлж, үүндээ хэдэн төгрөг зарцуулж байна гэсэн судалгаа байдаг уу?

-Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр Бодлогын судалгааны төв гэж байдаг. Энэ байгууллага тэр судалгааг хийдэг юм билээ. Мэдрэлийн мэс заслыг манай дээр хөгжүүлэх гэж ажиллаж байгаагийн хүрээнд харахад 300 орчим сая ам.долларыг манай монголчууд тархины гүнийн хавдрын эмчилгээнд шилжүүлсэн байдаг юм байна. Энэ бол зөвхөн албан шилжүүлгийн тоо. Үүнээс гадна бүртгэгдээгүй мөнгө зөндөө бий. Энэ мэт маш их зардал гарч байна.  

-Манай химийн эмчилгээ болон хавдрын эсрэг эм тарианууд чанаргүй байгаа тухай маш их ярьдаг. Сайн чанарыг эм, тариа, эмчилгээ авах боломж байдаггүй юм уу?

-Эмийн сонсголоос хойш эмийн чанар дээр маш их анхаардаг болсон. Энэ нь ч зөв. Сүүлийн үед бидний гол ярьж байгаа зүйл бол чанартай эмээр үйлчлэх, чанартай үйлчилгээ бий болгох. Өмнө нь манай эмнэлэг Энэтхэг улсын химийн эм хэрэглэдэг байсан. Үүнийгээ Туркийн эмүүдээр сольж эхэлсэн. Сая Эрүүл мэндийн сайд БНСУ-тай гэрээ хийгээд Солонгосын эмийн компаниас эхний таван эмийг авахаар болж байгаа. Ижил үнээр авна гэж ойлгосон. Тэгэхээр цаашдаа Солонгосын чанартай эм орж ирнэ гэж бид бүхэн ойлгож байна. Солонгос дотооддоо хэрэглэдэг эм учраас өндөр чанартай гэдэгт эргэлзэхгүй байна.

-ЭМДС-ийн санхүүжилт дуусчихсан гээд улсын эмнэлэг иргэдэд үйлчилж чадахгүй болсон. Танай эмнэлгийн нөхцөл байдал ямар байна вэ. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэдэг зөв үү, буруу юу?

-Өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сан тусдаа гараад эмнэлгүүдийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гээд зоригтой, маш сайн алхам хийсэн. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэдэг ч зөв. Гэхдээ улс орны мөнгө, санхүү хязгаартай учраас даатгалын санг хариуцаж, зохион байгуулж, менежмент хийж байгаа хүмүүс ямар эмнэлэг, эмчилгээнд, санхүүгээ хэрхэн зарцуулах вэ гэдэг бодлогоо барих байсан. Гэтэл ийм бодлогогүйгээс болж сангийн мөнгийг гарын салаагаар урсгасан. Үүнээс болж даатгалын сан мөнгөгүй болсон. Одоо манай улсын эмнэлгүүд мөнгө, төгрөггүй болоод өчнөөн сар сууж байна. Тэгээд эмийн компаниуддаа маш их өртэй. Манай эмнэлгийн 2,3 химийн эм тасарчихсан л байна. 14, 21 хоног эмчилгээгээ хийлгээд явж байсан хүний эмчилгээ тасарч байна. Хавдартай хүний эмчилгээ тасарна гэдэг амь насаар нь солигддог. Гэтэл бодлого гаргаж байгаа хүмүүс хүний амь ингэж хохирдог гэдгийг ойлгохгүйгээс болж даатгалын мөнгийг үрэн таран хийсэн.

Монгол Улсад яагаад ийм хариуцлагагүйн тогтолцоо бий болсныг, яагаад хариуцлага тооцож чаддаггүйг би мэддэггүй. 2025 онд энэ алдаануудаа засаад явах байх. Улсын эмнэлгүүдээр Монгол Улсын хүн амын 90 хувь нь үйлчлүүлж байна. Тиймээс хамгийн эхлээд энэ эмнэлгүүдийн шаардлагатай тусламж үйлчилгээг авахад даатгалын сан хүрч ажиллаж чадаж байна уу гэдгийг тооцох хэрэгтэй. Үүний дараа мөнгө илүү гарвал ямар тусламж үйлчилгээ хаана дутаад байна вэ гэдгийг тодорхойлоод тэр газар нь шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэх хэрэгтэй байгаа юм.

Манай эмнэлгийн тусламж үйлчилгээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас доголдож эхэлсэн. Тогтоолууд гараад. Оны эцэст тайлангаа хийхэд манай эмнэлэг найман тэрбумын алдагдалтай ажилласан байна. Хэрвээ ЭМДЕГ энэ журмаа өөрчлөхгүй бол он гараад дампуурал гүнзгийрнэ. 8 тэрбумын алдагдалтай ажил хэрнээ яагаад үйл ажиллагаа хэвийн явуулаад байна вэ гэхээр өмнөх оны даатгалын өр байгаа учраас түүгээрээ нөхөөд явж байна гэсэн үг. Одоо энэ үлдэгдэл дуусаж байгаа учраас ирэх оноос балансаараа л ажиллаж эхэлнэ. Тэгвэл улсын эмнэлгүүд дампуурч эхэлнэ. Юун хавдрын тусламж үйлчилгээг хүртээмж, чанартай хүргэх эмч, ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд хүрнэ. Манай эмнэлэг эмийн компаниудад 20 гаруй тэрбумын өртэй байгаа. ЭМДЕГ-аас ч авлагатай явж байна. Мөн эмч, ажилчдынхаа НДШ-ийг долдугаар сараас төлж чадаагүй байгаа. Энэ байгууллага эмч, сувилагч, техникчгүй болно. Эмээ авч чадахаа байна. Гэтэл ХСҮТ хамгийн чанартай эмнэлгийн хэрэгсэл хэрэглэдэг. Эмнэлгийн зүү, оёдлын зүү, утас нь хамгийн сайн чанартай хэрэгслээр үйлчилдэг. Энэ чанартай үйлчилгээ өвчтөнд хүрч, тэдний амь насаар солигдож байгаа юм. Гэтэл энэ бүхэн байхгүй болно. Сүүлдээ хямдхан хэрэгсэл авдаг, иргэддээ үйлчилдэг болно. Ингээд хүндрэлүүд хор нөлөө нь ихэснэ. Гэхдээ ийм зүйл болохгүй байх гэж найдаж байна.

-Тэгвэл улсын эмнэлгүүд даатгалын журам буруу байгааг тухайн үед нь хэлж, саналаа хүргүүлээгүй юм уу. Яагаад нөхцөл байдлыг энэ хэмжээнд тулгасан юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд энэ бүх алдаа завхралыг засуулах гэж бид маш их бичиг, санал өгсөн. Өөрсдөө очиж уулзсан. Ний нуугүй хэлэхэд өрөөнд нь маргалдаж, хөөгдөж гарч байлаа. Хүний төлөө ажил хийгээд явахад бухимдах олон зүйл гардаг. Тэр болгоныг хийх гэж оролдсон. ЭМДЕГ-ыг удирдаж байсан хүний асуудал олон нийтэд ил болж ЭМДЕГ түр орлон гүйцэтгэгчтэй ажиллаж байна.

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажлаа аваад "Энэ бүхнийг засна, эхлээд эмнэлэг шүү" гэдгийг хэлээд журмуудаа засаад явж байна. Журмаа засахад бид бүгд оролцоод саналаа өгөөд явж байгаа. Өмнө нь биднээс санал авч, нэг удаа хуралдуулаад өөрсдийнхөө журмыг батлуулчихдаг байсан. Журам батлагдсан хойно хэлээд ямар ч нэмэргүй тэр журмаар нь л явж байсан. Одоо энэ удаа арай өөр байх шиг байна. Бид асуудлаа ярьдаг, засдаг болж байна гэдэг бол том ололт. Хэдийгээр бухимдалтай байгаа ч зөв тал руу явж байна гэдэг нь харагдаад байна. Тиймээс ч он гараад 06 дугаар тогтоол 12 дугаар шалгуур нь өөрчлөгдөж байна.

Улсын даатгал гэдэг бол суурь тусламж үйлчилгээгээ бүрэн хангах ёстой. Харин үнэтэй, орчин шаардсан үйлчилгээг хувийн даатгал орж ирээд юм уу, төлбөртэй тусламж үйлчилгээгээр шийдээд явдаг олон улсын туршлага  байгаа. Үүнийг л хийх ёстой.

Гэтэл бүх хүнд хүртээнэ гээд цаанаа өөр ашиг сонирхолтой байсан алдаагаа хамгийн түрүүнд засах хэрэгтэй. Ард иргэдийн 90 хувьд үйлчилдэг улсын эмнэлгүүдээ бүрэн санхүүжүүлээд иргэддээ тусламж үйлчилгээгээ бүрэн хүргэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа Эх сурвалж: Itoim.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.