М.ЖАНБОЛАТ: Мэргэжлийн хяналтын газрыг сэргээх хүрээнд Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс шинээр байгуулагдсан

Орхон аймгийн ЗДТГ ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Жанболат энэ удаагийн ярилцлагын булангийн зочноор оролцож байна

-Манай аймаг 5000 гаруй төрийн албан хаагчтай гэсэн статистик мэдээлэл байдаг. 2025 онд төрийн албаны нөөцөд хичнээн албан хаагч бүртгэлтэй байна вэ?

-2024 оны жилийн эцсийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд 5007 төрийн албан хаагч цахим бүртгэлд бүртгүүлсэн байна. Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийн бүртгэлийг хийж явдаг тул жил бүр шинэчилдэг. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 95, орон нутгийн өмчит 11, төрийн тусгай чиг үүрэг бүхий 9 байгууллагын албан хаагч нар багтсан. Цэрэг цагдаагийн байгууллагын нууцад хамааралтай албан хаагч нар цахим бүртгэлд ордоггүй. Эдгээрийг нэгтгэхэд аймгийн хэмжээнд 6173 албан хаагч бий.

-2025 онд аль салбарт төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт явагдах талаар мэдээлэл өгөхгүй юу? Мөн “Эрдэнэтдээ хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд манай аймагт шилжин ирж суурьшсан төрийн албан хаагчдын судалгаа мэдээллийг бидэнд танилцуулахгүй юу?

-Орхон аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 4 удаагийн ерөнхий шалгалт зохион байгуулж, 421 иргэн шалгалт өгөхөөр бүртгэл хийлгэснээс 344 иргэн шалгалтад орж, 134 иргэн тэнцэж, нөөцөд бүртгүүлсэн. Төрийн албан хаагч болохын тулд тухайн иргэн 2 төрлийн шалгалт өгдөг. Нэгд, ерөнхий шалгалт, хоёрт, тусгай шалгалтад орно. Тусгай шалгалт нь тухайн ажлын байран дээр очиход зохион байгуулдаг шалгалтыг хэлж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд бид сул орон тоотой байгууллагын албан хаагчдыг бүртгэж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Үүнд, аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Баян-Өндөр сум, Соёл урлагийн газар, Хотын захирагчийн алба, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар гээд нийт 12 төрийн байгууллага дээр 25 иргэн тусгай шалгалтад орж, эдгээрээс 12 төрийн албан хаагч тэнцэн, тангараг өргөсөн.

-Манай аймагт дутагдалтай ажлын байр бий юу?

-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дээр тусгай мэргэжил шаардсан, нарийн мэргэжлийн ажлын байруудад хүн орохгүй байна. Ажлын байрыг нээлттэй зарлаж байгаа ч орж ирэхгүй байна. Мөн Автотээврийн улсын байцаагчийн орон тоо байна. Хүн орохгүй байгаа шалтгаан нь тавигдах шаардлагаас гадна төрд ажиллаж байгаа ажилтны цалин хөлсний асуудалтай холбоотой гэж харж байна. хувийн хэвшлийн байгууллага ижил ажлын байранд өндөр цалин олгохоор төрд ажиллах хүн олдохгүй болчихоод байгаа тал бий. Ингэлээ гээд бид энэ чиглэлээр зүгээр суусангүй, бусад аймаг, орон нутагт нөөцөлд бүртгэлтэй хүн байгаа эсэхийг судалж, сонгон шалгаруулалтад урих, мөн тухайн мэргэжлийн салбараас сонирхож байгаа хүн байгаа эсэхэд судалгаа явуулж, ерөнхий шалгалтыг зохион байгуулах зэргээр ажиллаж байна.

-Засгийн газраас бүтцийн өөрчлөлт зарласантай холбогдуулан шинэ хэлтэс байгуулагдаж байх шиг байна. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоол гарсан. Үүнд, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоосон. Ингэхдээ Аймгийн захиргааны удирдлагын бүтцийг дор дурьдсан байдлаар тогтоосугай гээд: “Нэгд, аймгийн Засаг дарга, хоёрт Засаг даргын орлогч, гуравт Засаг даргын Тамгын газрын дарга” гэсэн удирдлагын бүтцийг баталсан. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Цэргийн штаб багтаж байгаа. Мэргэжлийн хяналтын газрыг сэргээе гэсэн саналууд явсныг санаж байгаа байх. Үүнтэй холбоотой Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс шинээр байгуулагдсан. Энэ хэлтэс шинэ хүмүүс авах тухай бус тамгын газар дотор байсан ажилтнуудыг зохицуулалт хийж байгаа хэрэг л дээ. Бүтэц гарснаар нэмэлт орон тоо гараагүй. Хуучин 57 орон тоо байсан, “Энэ тоондоо багтааж зохион байгуул” гэсэн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна. Харин эдгээрээс гадна Засаг даргын эрхлэх хүрээний нэг агентлаг нэмэгдсэн. Архивын тасаг нь хуучнаар Хууль эрх зүйн хэлтэст хамаарч байсан бол одоо Архивын хэлтэс байгуулагдан, бие даан ажиллахаар өөрчлөлт орсон. Засгийн газрын тогтоолтой уялдуулан бүтэц зохион байгуулах, төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн батлуулахаар ажиллаж байна.

-Сэлгэх, шилжин ажиллах тухайд юу хэлэх вэ?

-Төрийн албаны тухай хууль 2022 онд батлагдсан. Тус хуулиар сэлгэн, шилжин ажиллахыг хуульчилж өгсөн байдаг. Төрийн албаны зөвлөлөөс сэлгэн, шилжин ажиллах журмыг баталсан. Энэ хүрээнд ижил ангиллын албан тушаалтнууд хоорондоо шилжиж сэлгэхээс биш, доод шатны албан тушаалтан дээд шатны ажлын байранд сэлгэх асуудал байхгүй. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Наранболдын тухайд Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ нь нэг ижил зэрэглэлийн ажил тул сэлгэн шилжиж ажиллах боломжтой, өөр зэрэглэлтэй ажилтнууд орох боломжгүй гэсэн үг юм.

-Аль салбарт төрийн албан хаагчийн орон тоо дутмаг байна вэ?

-“Эрдэнэтдээ хамтдаа хөгжье” хөтөлбөрийн биелэлтийг Хөгжлийн бодлогын хэлтэс хариуцдаг тул мэдээлэл өгөх боломжгүй байна. Хомсдол бол байна. эрүүл мэндийн салбарт сувилагч, боловсролын салбарт байгалийн ухааны болон бага ангийн багш нар дутагдалтай байна. Тиймээс багш бэлтгэдэг сургуулиутай хамтран ажиллаж, “Оюутнуудыг манай дээр дадлагаа хий” гэдэг саналыг тавьж байгаа. Соёлын салбарт номын санч, нарийн мэргэжлийн ажилтнууд хэрэгтэй байна. Жил бүр Эрдэнэтээ танилцуулах, оюутнуудыг сургаж хөжгүүлэх боломжуудын талаар танилцуулсаар байгаа.

-Төрийн албаны шалгалт цахим хэлбэрээр явагдаж байна уу?

-Төрийн албаны шалгалтыг тестээр авдаг байснаа болиод, цахимаар бүх шалгалтыг авч байна. энд ямар нэг гадны оролцоо байхгүй тул тухайн хүн өөрөөс хамаарах даалгаврыг л хийдэг. Үүнд бэлдсэн хүн л тэнцэнэ. Огт бэлтгэлгүйгээр 3-4 удаа ороод унадаг хүн ч байна.

-Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой мэдээлэл өгөхгүй юу? Гомдол санал хэр ирж байна вэ?

-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль гарсан. Үүнтэй уялдуулан байгууллага бүрт Ёс зүйн хороо ажиллаж байна. гомдол саналыг хүлээн авч, зохих газарт нь уламжилж байгаа. энэ чиглэлийн мэдээллийг Төрийн албан зөвлөлөөс авах боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.