Б.БААСАНСҮРЭН: Улс даяар дизель түлшний хомсдол үүсч нүүрсний тээвэрлэлт зогсоод байна

Хүйтний эрч чангарч байгаа эдгээр өдрүүдэд айл өрхүүд түлээ түлшээ бэлтгэж байна. Хөдөөгийн ганц сумтай манай аймгийн хувьд түлшний асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар холбогдох албаны хүнээс тодрууллаа.  

-Баян-Өндөр сумын иргэд түлшний мод, нүүрсний хомсдол үүссэн асуудалд бухимдалтай байна. Айл өрхүүдийг гал алдахад хүргээд байгаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Улс даяар дизель түлшний хомсдол бий болсон. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт орших Баянтээгийн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүд шатахуунгүй болсны улмаас явж чадахгүйд хүрсэн. Мөн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт ашиглалтад орсон автозам нь 44 тонноос дээш ачаатай тээврийн хэрэгсэл явахыг хориглосон. Гэтэл хово автомашины хүндийн жин нь чиргүүлтэйгээ 27 тонн, ачаатай тохиолдолд 17 тонн нүүрс ачиж, 44 тоннд хүрэхээр ямар ч ашиггүй явахад хүрээд байгаа юм.

-Нөөцөлсөн нүүрс бий юу?

-Бид намрын улиралд нөөцөлсөн нүүрсээ гэр хорооллын иргэдэд үнээр нь худалдан борлуулсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос дизель түлшний үнийн өсөлт болон Өвөрхангайн замтай холбоотойгоор шуудай нүүрсний үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгдчихлээ. Бид Зам тээврийн яамтай холбогдсон. Орон нутаг замаа хамгаалах нь зөв зүйтэй хэрэг л дээ, тус аймгаас том оврын автомашины норм нормативыг барьж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Шарын гол, Налайхын нүүрсний үнэ тонн тутамдаа мөн л нэмэгдсэн. Өвөрхангайн Баянтээлийн уурхай нүүрсний үнийг бага хэмжээгээр нэмсэн дүнтэй байгаа ч газар дээр нь яваад очиход боломжийн үнэтэй байна гэж бид үзсэн. Аймгийн Засаг даргын зүгээс Өвөрхангай аймгийн Засаг даргатай холбогдсон. Ингэхдээ, “Гэр хорооллын 18 мянган өрхтэй сум, аймгийн хэмжээний асуудал тул уян хатан хандаач” гэсэн хүсэлт тавиад байгаа. Шийдэл хараахан гараагүй байна.

-Түлшний модны тухайд шийдэл ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2021 оны жилийн эцсээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр 2022 онд хийж хэрэгжүүлэх ажилд 800 сая төгрөг тусгагдсан. Энэ мөнгөн дүнд багтаан 2200 портер мод бэлтгэн нийлүүлэхээр тусгагдсан. Хуулийн дагуу худалдан авах ажиллагааны хүрээнд Баян-Өндөр суман дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, нэг хүн шалгарсан. Үйл ажиллагаа явуулж байна. Булган аймгийн нутаг дэвсгэрт нэг портер мод 400-450 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Өдөртөө 10-15 портер мод тогтмол орж ирж байна. 11-р сарын эхний 14 хоногт 250 орчим портер мод иргэддээ олгосон. 2200 портер модыг сар тутам 400 портер мод бэлтгэн нийлүүлэх зарчмаар явахаар төлөвлөж байна. Ингэснээр ирэх хавар 3-р сар гэхэд нийт айл өрхүүдэд түлш бүрэн олгоно.

-Ес эхлэхээс өмнө түлээ түлшээ бэлтгэнэ гэж том ажил байна шүү дээ?

-Булганы зэргэлдээх сумдаас мод нийлүүлэгдэж байгаа. Үнийн хувьд ялгаатай ч бид гэрээ хийхгүйгээр тавих шаардлагаа тавиад явж байна. Тухайн түлээний зах ажиллуулж байгаа газрууд ажиллах хүчний зардал, түлшний үнэ өсөхийн зэрэгцээ Булган аймгийн нутгаас түлээ бэлтгэхэд Эрдэнэт хот руу мод оруулахгүй гэсэн шийдвэр гаргачихсан байгааг тайлбарлаж байна. Тэд “Юм хийлээ гэхэд ашиг орлогүйг ойлгооч” гэсэн. Тиймээс модны үнэ ханшийг 350 мянган төгрөгт бариач гэдэг асуудлыг бид ярина. Цаашид төр хувийн хэвшлийн түншлэлээр 1,5 тэрбум төгрөг төсөвлөж, сайжруулсан түлшний үйлдвэр барихаар төлөвлөсөн. Ирэх 12-р сарын 01-ний хуралдаанаар энэ асуудал батлагдаж, ирэх хавраас сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг эхлэх нөхцөл бүрдэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%