Ш.ГАНБОЛД: Хурлын танхимын өргөтгөл гэж ойлгож болохгүй 4,1 тэрбум төгрөгийн өртөгтэй 4 давхар барилга үндсэндээ бүрэн шинэчлэгдэж байна

Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны Хурлын их танхимд өргөтгөл, засвар үйлчилгээний ажил энэ онд хийгдэж эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хурлын их танхимын өргөтгөл, засвар үйлчилгээний ажлыг 4,1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэрээний дагуу 12 дугаар сарын 01-нд уг ажлыг хүлээлгэн өгөх учиртай. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хэр хэмжээний өөрчлөлт орж байгаа талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2022 оны төсвийг 2021 онд батлахдаа “Нутгийн удирдлагын ордны хурлын заалыг өргөтгөх, хуучин үйл ажиллагаа явуулж байсан “Нэг цонх”-ны заалыг шинэчлэн засварлах, цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд “Цахим төв” байгуулах ажлыг багтаасан. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл боломжийг бүрдүүлж байна. Энэ нь улсын хэмжээнд анх удаа манай аймагт хийгдэж байгаа ажил юм. Уг өргөтгөлд зоорийн давхар гэж гаргасан. Энд аймгийн зарим төрийн байгууллагын архив орохоос гадна агуулахын зориулалтаар ашиглагдана. Нэг давхартаа 5-6 оффисын өрөө гаргаж, зарим төрийн байгууллагын төлөөллийг ажиллуулна. Үндсэндээ 4 давхар барилга байгаа.

-Хурлын заалны ашиглалт тал дээр өөрчлөлт оруулах уу?

-Хурлын заалыг аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар дангаар ашигладаггүй. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон бусад төрлийн уулзалт, хурал зөвлөгөөнүүд энд явагддаг. Сүүлийн жилүүдэд зарим аймаг хурлын заалаа өргөтгөсөн. Манай аймгийн хэмжээнд тогтмол ашиглагддаг энэ заалаа түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр худалдан авах ажиллагааны тендер зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулсан. Өнгөрсөн 8-р сараас барилгын ажил эрчимжиж, өнөөдрийн байдлаар ерөнхий ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байна. Гүйцэтгэгч компани 12-р сарын 01-нд ашиглалтад оруулах ёстой хэдий ч хил гаалиас хамаарсан барилгын материалын үнийн өсөлт, шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг шалтгаанаас ажил удааширсан гэсэн тайлбар тавьж байна. Шат шатандаа энэ асуудлыг ойлгож, дуусгах чиглэл барьж байна. Өргөтгөлийг энэ ондоо багтаан ашиглалтад хүлээн авна. Хэдийгээр барилгын ажлыг хүлээн авсан ч ширээ сандал, дуу шумны төхөөрөмж тавих, тохижилт хийх гээд он дамнасан ажлууд бий. 12-р сарын 01-нд хуралдах аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар ирэх оны төсөвт дээрх хурлын заалны нэмэлт төсөв яригдах байх. Хурлын хуралдаан шууд явагддаг тул асуудлууд илүү тодорхой болно гэдэгт итгэлтэй байна.

-Барилгын ажлын гүйцэтгэгч нь ямар компани ажиллаж байна вэ, нийт төсөвт өртгийн тухайд?

-Гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Тавин лан” ХХК шалгаран ажиллаж байна. 2023 оны төсөв дээр батлагдах мөнгөтэй нийлүүлбэл нийт төсөвт өртөг 4 тэрбум төгрөг болж байгаа.

-2022 оны 01-р сараас “Төрийн хэмнэлтийн тухай” хууль яригдаж эхэлсэн. Хурлын заалыг шинэчлэх үйл ажиллагаа нь “Хэмнэлтийн тухай” хуулийг зөрчив үү гэж би хувьдаа хараад байна?

-2021 оны 11-р сарын 30-нд аймгийн ИТХ хуралдаж, Нутгийн удирдлагын заал болон “Нэг цонхны үйлчилгээ”-г өргөтгөх асуудлыг баталсан. Үндсэндээ архив, агуулах, 6-7 оффис өрөө бүхий цогцолбор барилгыг Эрдэнэт хотынхоо хэмжээнд ярилцаж, шийдвэрлэсэн. 2022 он гарсаар тендер зарлагдаж, өнгөрөгч 8-р сараас барилга угсралтын ажил сууриа цутгаж эхэлсэн. Мөн 2022 оны 4-р сард “Төрийн хэмнэлтийн тухай” хууль батлагдсан байдаг. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө болон хурлын заалны хооронд тодорхой зай байсныг бид ашиглаж, барилгын нүүрийг шилэн фасадтай болгосон. Ингэснээр манай аймгийн нүүр царай болсон заал, оффис өрөө, шаардлага хангасан архивын өрөөнүүд, “Цахим төв” бий болох юм.

-Барилгын насжилтын тухайд?

-1983 онд хотын захиргааны барилга ашиглалтад орж, хүлээн авсан байдаг. Түүнээс хойш 2001, 2002 онд хүзүүвч байсан эсэхийг орон нутгийн сүйн хөрөнгө оруулалтаар хана өрж, нэг цонхны үйлчилгээний заал болгосон. Тэр цагаас өнөөг хүртэл ямар нэг засвар үйлчилгээ хийгдээгүй байсан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.