С.БАТЖАРГАЛ:100 сая төгрөгийн томилолт гэж юу байхав дээ...

2022 он дуусч, 2023 он гарах энэ торгон мөчид Орхон аймаг ирэх оны төсвөө баталсан. Төсвийн хүрээнд хийж хэрэгжүүлэх бүхий л ажил Эрдэнэт хотын хөгжил цэцэглэлттэй салшгүй холбогдох тул Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалыг энэ удаа зочноор урьж  ярилцлаа.Гадаад томилолт засаг даргын нөөц сангийн төсөв гээд бидний ярилцлага тал талын сэдвийг хөндлөө.

-Ирэх оны төсвийн тухайд чамлахаар төсөв байв уу, чанга атгахаар төсөв байв уу?

-2023 оны төсөв хуулийн хугацанд аймгийн ИТХ-аар батлагдлаа. Жил бүрийн төсвө онцлогтой байдаг. 2023 оны төсвийг “Хэмнэлтийн тухай хууль”-ийн хүрээнд баталснаараа онцлог байлаа. 2022 оны үнийн өсөлт, хил гаалийн хаалттай байдал, экспертизээр орж, үнийн өсөлт нь баталгаажсан ажил гээд төсөвт шилжих үлдэгдэлтэй, он дамжсан төсвийн дарамт ихтэй төсөв байлаа. Сангийн яамнаас өргөн мэдүүлсэн Орхон аймгийн зардлын хүрээнд 2 дахь хэлэлцүүлгийн дараа манай төсөвт өөрчлөлт орохгүй байх гэж тооцож, хөрөнгө оруулалтынхаа ажлыг төлөвлөөд байсан. Гэтэл 3 дахь хэлэлцүүлэг дээр манай аймгийн улсад төвлөрүүлэх орлогыг 18 тэрбумаар нэмэгдүүлсэн. Их хурлын тогтоол батлагдсан тул бид биелүүлэх үүрэгтэй. Үүнтэй холбоотойгоор бид төлөвлөж байсөн төсвөөсөө 18 тэрбум төгрөг танаж, ажлуудаа төлөвлөх шаардлага гарсан. Энэ дүнг бодоход ирэх 2023 онд хэрэгжүүлэх ажлууд нэлээд хасагдсан гэж ойлгож болно. Манай аймгийн тухайд тэгшитгэх орлого жил бүр нэмэгдэж байгаа. Тухайлбал бид, ирэх жил 140 тэрбум төгрөг улсад төвлөрүүлнэ. Нэг сонирхолтой статистик мэдээллийг хэлэхэд, 2016 онд намайг аймгийн Засаг даргын орлогчоор ирэх үед манай аймгийн улсад төвлөрүүлдэг орлого 5,5 тэрбум төгрөг байсан. Үүнээс хойш тогтмол өсөлттэй яваа.

-Хөрөнгө оруулалтын дуусгаагүй ажлуудыг дуусгах чиглэлтэй харагдаж байна?

- Сангийн яам тооцоолол хийж, аймагт нь тодорхой хэмжээний зардлыг өгдөг. Ирэх жилийн тухайд өмнөх жилүүдээс шинэ хөрөнгө оруулалтын мөнгөн дүн харьцангуй бага. Үүнтэй уялдаад төлөвлөж байсан зардлууд болох бүх сургууль, цэцэрлэгийн засварыг өөрсдийнх нь хүссэн хэмжээнд хийе гэсэн ажил маань хасагдсан. Мөн “Ухаалаг Эрдэнэт” дэд хөтөлбөртэй холбогдуулан автозамын гэрэл дохиог лед гэрлэн зохицуулалттай хийхээр төлөвлөж байсан нь амжихгүй боллоо. Энэ мэт олон зүйл бий. Бид Дотуур байр барих, эмнэлгийн амбулаторийг өргөтгөх, замын нэлээд өргөтгөл тооцоолж байсан хэдий ч төсөв дээр гэнэтийн өөрчлөлт гарсантай холбогдуулан дээрх ажлууд хасагдсан. Байдал ийм ч ирэх онд бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ. Бидний олон жил хөөцөлдсөн банкны төслүүд орж ирэхээр газар доорх шугам сүлжээгээ шинэчилнэ. Мөн орон сууцны хорооллуудыг ухаалаг тоолуураар хангах ажлыг эхлүүлнэ. Ингэснээр усны алдагдал, эрчим хүчний хэмнэлт буурна гэж үзэж байна.

-2023 онд 1,5 тэрбум төгрөгөөр Шахмал түлшний үйлдвэр ашиглалтад оруулахаар тусгасан байна. Эрдэнэт үйлдвэртэй хамтран хэрэгжүүлэхээр ярьж байсан шахмал түлшний үйлдвэрийн ажил яагаад удааширсан бэ? Магадгүй, энэ үйлдвэр ашиглалтад орсон ч иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй гэж үзэв үү?

-Эрдэнэт үйлдвэр гадны компаниудтай хамтран туршилт явуулж байгаа ч сайн болохгүй байгаа юм билээ. Үүнээс гадна хүчин чадлын хувьд бага. Бид “Цаашдаа шахмал түлшний үйлдвэр байгуулна” гэсэн төсөв тавьсан. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж ярилцана. Эрдэнэт үйлдвэрийн төслийн хүчин чадлыг нэмэгдүүлээд аваад явж чадна гэвэл өөр хэрэг. Одоогийн 1,5 тэрбум төгрөгийн төсөв нь барилгын ажил гүйцэтгээд дуусах хэмжээний л мөнгө. Доторх тоног төхөөрөмжийг хэрхэн хангах тал дээр шахмал түлш үйлдвэрлэгчидтэй форум хийж зөвлөлдөнө.

-Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад 2021, 2022 онд багагүй төсвийг тавьсан. А, Б бүсэд тоглоом нийлүүлэгдээд ирсэн хэрнээ тэр тоглоом нь одоо болтол угсрагдаагүй, угсрах боломжгүй, энэ чиглэлийн инженер техникийн ажилтнууд Монголд байхгүй гээд байна. Үүнтэй уялдаад төрийн хөрөнгөөр бараа авчихаад ашиглаж чадахгүй болчих вий гэсэн эргэлзээ ч төрж байна. Тайлбар өгөхгүй юу?

-Тоглоомны нийлүүлэлт хийсэн 2 компани бий. Нэг нь нэг, нөгөө нь 5 тоглоом нийлүүлсэн. Нэг тоглоом нийлүүлсэн байгууллага нь “Хүлээн авбал дараагийн ажилдаа орно” гээд байгаа. Гэтэл бид хүлээн авсан ч бүрэн бүтэн байдлыг нь, хэрхэн суурилуулахыг нь мэдэхгүй байгаа тул үйлдвэрлэгчтэйгээ яриад “Тоглоомыг суурилуулаад өг” гэдэг байр суурьтай байна. Харамсалтай нь, Иргэдийн хурлын хуралдааны явцад 300 сая төгрөгийн төсөв нь хасагдчихлаа. Ажлын зураг нь их нарийн гардаг юм байна. Зураг гарсны дараа тодорхой төсөв гарна. Таван тоглоом нийлүүлэгч компани нь суурилуулах байсан хэдий ч өнөөдрийг хүртэл суурилуулагдаагүй удлаа. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн бодлогын хэлтэс, Барилга захиалагчийн албаны ажлын хэсэг шаардлагаа тавьж байгаа. Нэлээд хөрөнгө шаардсан энэ томоохон төслийг бид юун түрүүнд дуусгахыг зорьж байна.

-2023 оны төсөв дээр цэцэрлэгт хүрээлэнд байршуулах тоглоом дээр тодорхой мөнгөн дүн байсан санагдаж байна?

-Өмнөх хоёр жилийн шилжих үлдэгдлээр таван тоглоомны мөнгийг бид төлөх учиртай.

-“260 айлын орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр олон нийтийн анхаарлын төвд байна. Иргэд “Аз” хотхонтой ижил түрээсийн журмаар иргэдэд өгнө гэж ойлгож байсан боловч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар худалдан борлуулах журам баталчихлаа. Барилгын экспертиз ажиллаж метр квадратын үнэлгээг гаргасан гэж байгаа ч өмнөх компанийн гүйцэтгэлийн үнэлгээ, одоогийн зарах ханш зөрүүтэй гараад байна. Энэ мэдээллийг тодруулмаар байна?

-Бид худалдан авах ажиллагааг 2021 онд зарласан. 2020, 2021 оны төсөв батлахдаа олон улсын байгууллагыг түшиглэн орон сууц барья гэж шийдвэрлэн, 1 тэрбум төгрөг тавьж өгсөн. Мэдээж орлогод нийцсэн орон сууц байхаас гадна дахин төлөвлөлт хийе гэдэг байдлаар хандсан. Гэр хорооллын айл өрхүүд газраа өгвөл амьдрах газар хэрэгтэй байсан. Мөн тухайн үед банкууд “Дэмжих боломжтой” гэсэн тул өөдрөг төөсөөлөлтэй байлаа. Харамсалтай нь энэ оны төгсгөл рүү “Хэмнэлтийн тухай хууль” батлагдаж,  2023 оны төсөв дээр орон сууцны төсө. дээр мөнгө тавих боломжгүй болсон. Хоёрдугаарт, энэ төслийг дуусгахын тулд дахин 12 тэрбум төгрөг шаардлагатай болсон. “Орлогод нийцсэн орон сууц” нэрийг өгөхдөө тодорхой хэмжээнд зах зээлийн үнээс хямд байх, зөрүүг нь аймаг даая гэдэг зорилт байсан. Тэр зорилтоо барьж байгаа. Өнөөдрийн байдлаар зах зээлийн ханш тодорхой, улсын экспертизийн дүгнэлт гарсан.

Барилгын инженерүүдийн дүгнэлтээр 2021 оны үнийн өсөлтийг тооцохгүйгээр 2 сая гаруй үнийн дүнтэй төсөв гарсан. Үнийн өсөлтийг бид тооцоолж 1,900,000 гэж тооцсон. Баян-Өндөр эко хорооллын 34 айлын орон сууцны тооцоолол 2016 оны байдлаар 2,400,000 төгрөг байсан. 1,900,000 гэдэг нь орлогод нийцсэн орон сууц гэдэг үгийг баталж чадаж байна гэж үзсэн. Хоёрдугаарт, нөхцөлийг хангаж чадаж байна. Удахгүй банкуудтай уулзана, шаардлага гарвал Монгол банк, Сангийн яамтай уулзахаар төлөвлөж байна. Иргэд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлээр худалдан авах боломжтой байдлаар борлуулалтаа хийнэ. Хурлаас дахин төлөвлөлтийн хүрээнд 70 хүнд байр түрээслүүлэх шийдвэр гаргасан. Анхны тооцооллоор энэ орон сууцыг барьсан тохиолдолд дараагийн орон сууц барих төсвөө гаргаж авах, улмаар Уртын гол, Их залуу багт үргэлжлүүлэн бүтээн байгуулалт хийх төлөвлөгөөтэй байсан боловч бүтсэнгүй. Ямартаа төслөө 2023 он дуусгана.

-Польш улсын хөрөнгө оруулалтаар “Хог хаягдлын менежментийг сайжруулах” төсөлд хэдэн төгрөг орж ирсэн бэ, үүнээс хэдийг нь зарцуулаад байна вэ? Хот тохижуулах газрын ажил сайжирна гэж бодсон ч бахь байдгаараа байна гэдгийг иргэд хэлээд байна?

-Олон Улсын төслийн араас явах хүн тасралтгүй өрсөлдөх шаардлагатай. Олон Улсын байгууллагууд хооронд зөвшилцөл явагддаг. Польш Улсын Сангийн яам, Монгол Улсын Сангийн яамтай гэрээ байгуулсан. Хог ангилан ялгах үйлдвэртэй 12 техник ирэхээс нэг техник дутуу байна. Мөн  Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас “Танайд хэрэгжүүлж байгаа 50 хувийн буцалтгүй, 14 сая ам.долларын төсөл нь анхны бөгөөд эцсийн төсөл” гэдгийг хэлсэн. Тиймээс 50 хувийн буцалтгүй тусламжийн мөнгийг гаргаж өгөх гэж нэлээдгүй хугацаа зарцуулсан. Европын холбоо “50 хувийн буцалтгүй тусламжийг хариуцъя” гэсэн шийд гаргаад, Сангийн яаманд эрх нь ирж байгааг банк мэдээлсэн. Бид энэ дагуу Сангийн яамтай гэрээ хийх ёстой. Энэ нь инженерийн шугам сүлжээ солих, 1, 2, 3-р микро, 11-р хорооллыг тоолууржуулах ажлын зураг төсөв бэлэн болсон. Бид худалдан авах ажиллагааны дагуу нийтэд зарлана гэдэг хүсэлтээ удаа дараа мэдэгдсэн. Хоёр улсын Засгийн газар, банк болон Банкуудын удирдах зөвлөл зөвшөөрсөн тул төслийг урагш явуулна. Мөн 11 сая ам.доллараар үерийн далан барих ажил бий. Үүний зураг төсөв ерөнхийдөө эцэслэгдээд дуусч байна. Ковид цар тахал, үнийн өсөлт, ОХУ-Украйны асуудалтай холбоотойгоор банкны ажил нэлээд саарлаа. Бид өвлийн 1, 2 дугаар сард инженерийн шугам, тоолуурын худалдан авах ажиллагааг зарлана. Ямартаа ч хоёр талаасаа тохиролцоод явж байна. Удахгүй Сангийн яаманд дээр очиж, дамжуулан зээлдэх гэрээнд гарын үсэг зурна.

-Та 2022 онд хэдэн удаагийн гадаад томилолтоор, хаашаа яваад ирэв ээ?

-Миний бие энэ онд 3 удаа гадаад орон руу явсан. Ингэхдээ нэг нь томилолтоор, хоёр нь цаад байгууллагын зардлаар явсан. Тухайлбал, саяхан Азийн хөгжлийн банкны 100 хувийн санхүүжилтээр Филиппин рүү, “Гамшгийн эрсдэл”-ийн чиглэлээр аймгийн удирдлагуудыг урьж байна” гэсэн Онцгой байдлын Ерөнхий газрын урилгын дагуу Онцгой комиссоос зардлаа гаргаад Австрали руу явсан. 100 сая төгрөгийн томилолт гэж юу байхав дээ, бүгд хяналттай. Нийтдээ 10 гаруй сая төгрөг гарсан байх. Санкт-Петербургийн эдийн засгийн форумд Сангийн сайдын айлчлалд багтаж явсан. Өөр зүйл байхгүй.

-Энэ онд Засаг даргын нөөц сангаас ямар зарлага гаргасан бол? Тодруулбал, аль чиглэл, аль салбарт?

-Нөөц санг зарцуулах журам гэж бий. Уг зарцуулалтыг Засаг даргын Зөвлөл хэлэлцдэг. Байгууллагуудын дэмжлэг болоод үүссэн нөхцөл байдалтай холбоотой ганц нэг шийдвэрлэх шаардлагатай ажлууд гарсан байх.  Бүх жагсаалт бий.-Таныг Шанд багаас сонгогдсон төлөөлөгч гэдэг дээ?

-Тийм ээ.

-Замын халтиргаа гулгаатай холбоотой асуудалд юу хэлэх вэ?

-Хүн хүчний хувьд хүрэлцэхгүй зүйл байгаа ч ажиллагааг иргэдтэйгээ хамтран хэрэгжүүлээд дуусгахыг эрмэлздэг. Засаг дарга өөрийнхөө багт бусдаас онцгойрч төсөв тавьдаггүй. Хэдий тийм ч, Шанд багийн тухайд жишиг болох эхлэлээ тавьсан гэж боддог. Ирэх онд тодорхой, төлөвлөгөөт ажлууд угтаж байгаа ярих бус хийж харуулна иргэддээ.

- ИТХ-ын төлөөлөгч нар Вьетнам яваад ирсэн, одоо 10 төлөөлөгч Япон, 14 төлөөлөгч Турк явах гэж байна.Нэрсийг харахад АН.МАН ялгаагүй тэгш оролцоотой харагдсан. Улс орон даяар хэмнэлтийн бодлого барьж байгаа энэ цаг үед иргэд үнийн өсөлттэй тэмцэн жагсаал хийж байна. Гэтэл төлөөлөгч нар гадаадад аялаад байх нь иргэдэд яаж харагдах бол? Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Болж өгвөл Хамтын ажиллагааг ярилцана. Мөн миний бие Турк улсын Секеро хотын даргатай уулзана. Хурал дээр бататгасан.Азийн хөгжлийн банкинд төсөл хөтөлбөр болох мөнгөн санхүүжилтийг даахаар боллоо. Мөн хог хаягдлын чиглэлээр бид менежментээ олж авсан, журам, хөтөлбөрөө баталсан, иргэддээ хог хаягдлын ойлголт өгсөн. Одоо дахин ялгах хог хаягдлыг иргэдтэйгээ нийлээд хийнэ, үр дүн гарч байгаа. Бидэнд орон нутгийн хог хаягдал дээр төсөвлөсөн техник тоног төхөөрөмжүүд ирчихвэл хог хаягдлын асуудлаа шийдээд явчихна. Гадаад томилолт гэж ихэнх нь төслийн шугамаар зардал гаргахгүй явдаг. Хөл хорионы улмаас 2020,2021 онуудад гадаад томилолт гацсан хил хаалттай байсан шүү дээ. Бид хэмнэлтийн хуулийг баримтлаад ажиллаж байгаа хууль зөрчөөд аялаж амарсан зүйл байхгүй ээ.Бүгд 2020 оноос төлөвлөсөн ажлууд байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.