C°/C°
Бүгд найрамдах Солонгос улсын Бүндан Жэсэн эмнэлгийн эмч нар амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод хүрэлцэн ирж, аймгийн иргэдэд үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өглөө. Тус эмнэлгийн Урологийн тасгийн эмч Сун Жон Хуан, Хоол боловсруулах эрхтэн эмгэгийн эмч Пак Сан Жүн нар Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон хувийн хэвшлийн “Талын булаг” эмнэлэгт ажиллаж, 30 гаруй иргэнд оношилгоо шинжилгээ, үзлэг хийв.
Энэхүү үйл ажиллагааг Олон улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын ДАМО байгууллага эуучлан, YES Mongolia ТББ дэмжин зохион байгууллаа. Харин эрүүл мэндийн үзлэгийг хамтран зохион байгуулж буй Бүндан Жэсэн эмнэлэг нь өвчлөлийн 3,4-р шатанд орж, хүндэрсэн өвчтөнүүдийг эмчилж, үр дүнд хүрсэн гэдгээрээ Солонгос улстаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй эмнэлэг юм. Тус эмнэлэгт хийсэн нийт мэс засал, хагалгаа, эмчилгээний 99.3 хувь нь амжилттай болсон байна. Тиймээс дээрх байгууллагууд санаачлан, Бүндан Жэсэн эмнэлгийг сонгон, Эрдэнэт хотдоо авчирсан аж. Бүндан Жэсэн эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн эмгэгийн эмч Пак Сан Жүн үзлэгийн үеэр сэтгэгдлээ хуваалцахдаа, “Өнгөрсөн 4 сард бид Эрдэнэтчүүдэд үзлэг оношилгоо хийгээд буцсан. Тэр үер Эрдэнэт үйлдвэртэй танилцахын зэрэгцээ тус үйлдвэр болон Орхон аймгийн удирдлагуудтай эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Миний хувьд хоол боловсруулах эрхтэнүүд тухайлбал ходоод, улаан хоолой, нойр булчирхай, элэгний хорт хавдар зэрэг өвчнийг эрт үед нь оношилж эмчилдэг. Энэ удаа бид 27 өвчтөнийг үзэж, оношилж эмчилгээ зөвлөхөөр бүртгэж авсан. Бидэнд үзүүлэх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахимаар авч, шинжилгээ болон бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж авахдаа “Талын булаг” эмнэлэгтэй хамтарсан. Цаашид бид ходоодны дурангийн мэс заслыг Эрдэнэт хотод, жишээлбэл “Талын булаг” эмнэлэг, эмч нартайгаа хамтран хийх, тэдэнд мэргэжлийн тусламж үзүүлэх чиглэлээр ажиллана” гэж онцлов. Орхон аймгийн иргэдэд 26 дахь жилдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэж буй “Талын булаг” эмнэлгийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү үзлэгийг хамтран хийж байгаагаа эмнэлгийн захирал, Зүрх судасны эмч Ч. Болорзул ярив. Дэлхийн жишигт хүрсэн шилдэг эмнэлэг, эмч нарын эрүүл мэндийн үйлчилгээг Эрдэнэт хотдоо авчрах, Солонгос улс руу явж үзүүлэх боломж хомс иргэддээ ойртуулах, хүргэх зорилготой тус эмнэлэг цаашид энэ үйл ажиллагаагаа дотрын чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарыг урих, цахимаар холбож, зөвлөгөө өгөх зэргээр өргөжүүлэх юм байна. Мөн 2016 оноос эрүүл мэнд, аялал жуулчлалын үйл ажиллагаагаа явуулж буй ДАМО олон улсын байгууллагын тэргүүн Л. Юра, “Манай байгууллагын төв Солонгос улсад байрладаг бөгөөд тус улсын албан ёсны зөвшөөрөл бүхий эмнэлгүүдтэй гадаадын иргэдийг холбож, хүлээн авах үйлчилгээ эрхэлдэг.
Мөн Монгол улсаас Солонгос руу оношилгоо эмчилгээ хийлгэхээр явах хүсэлтэй хүмүүст зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Энэ удаа бид Эрдэнэт хотынхоо иргэдэд зориулан Солонгосын эмчийн зөвлөгөө өгөх үйлчилгээг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Хамтын ажиллагаагаа өргөжүүлж, орон нутгийн эмнэлгүүдтэй сургалт зөвлөгөө зэрэг эрүүл мэндийн олон төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн” гэв.
Түүнчлэн, “Манай байгууллагын зүгээс хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргахад дэмжлэг үзүүлэх, Солонгос улсад хийгддэг Монголд хийгдэх боломжгүй нарийн мэргэжлийн хагалгааг эх орондоо хэрхэн нутагшуулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан солилцож туршлага судлуулах чиглэлээр ДАМО байгууллагатай хамтарч байна. Мэдээж, цаашид энэ үйл ажиллагаагаа илүү нягтруулж, төр хувийн хэвшлийн эмнэлгүүд болон олон улсын эмнэлгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ” YES Mongolia ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтаншагай үйл ажиллагааны талаар онцоллоо.
СЭТГЭГДЛҮҮД /0/