C°/C°
2024 он бидэнд сайн сайхан, сургамж бүхнээ үлдээгээд буцаж байна. Улс орны хувьд ч баяртай, жаргалтай, сургамжтай, гунигтай олон үйл явдал болж өнгөрлөө
Хатуу ширүүн зудаар эхэлсэн өнгөрөн одож буй 2024 он бидэнд ухаарал сургамжаа өгөөд улиран одож байна. Сошиалаар давалгаасан хоёр ч төрийн сонгууль дамнасан үйл явдлаар өрнүүн 2024 онд Эрдэнэтчүүд хоёр засаг даргын нүүр үзэв. Сонгуулийн жил гэж өөрсдийнхөөрөө нэрийдсэн дөрвөн жил тутам болж өнгөрдөг цаг хугацаанд бид юуг олж юуг алдав гэдэгтээ дүгнэлт хийсэн сонгуулийн өдрүүдтэй 2024 оноо үдэж байна. Улсдаа гурван жил дарааллан шилдэг аймаг болсон Орхон аймаг, Эрдэнэт хотод төрийн сонгуулийн уур амьсгал ч халуухан байлаа.
Эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн С.Батжаргал даргын халааг эрх баригч МАН-аас дараагийн томилгоог зарлаж 2024 оны дөрөвдүгээр сарын 25ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Орхон аймгийн аймгийн Засаг даргаар Мишигийн Түмэнжаргалыг томилж тамга, тэмдгийг нь гардуулж өгөв.
Ердөө таван сарын дараа Орон нутгийн ээлжит сонгууль болох учраас энэ удаад эрх баригч МАН-аас таван сарын настай, засаг дарга томилох шаардлага тулгарсан. Хүн амын төвлөрөл ихтэй Эрдэнэт хотод өдөр, цаг, минутаар хэмжигдэх чухал шийдвэр, ажлууд хүлээгдэж байсан учраас шинэ засаг дарга ачааны хүндийг үүрч орон нутгийн сонгуульд пи-араа өсгөх чухал даалгавар авав.
Ердөө нэг сар гаруй хугацаанд УИХ-ын сонгуультай золгосон шинэхэн засаг дарга үүрэгт ажлаа авсан даруйд авто зам тойрсон иргэдийн шүүмжилтэй нүүр тулж зунжин намаржин хөлөө эргэтэл зам тээврийн яамны үүд сахиж зураг төслөө батлуулснаар намрын эхэн сартай уралдаж эхэлсэн алдарт "50 тэрбумын зам"-ын ажлууд орон нутгийн сонгуульд эрх баригч намд оноо өгч чадсангүй. Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцсэн авто замын ажлууд иргэдийн ихээхэн бухимдуулав. Засаг дарга нь авто замын ажлуудыг шахаж шаардаж хоолойгоо сөөтөл орилсон ч тусыг эс олж авто замын ажлууд удааширалтай үргэлжилсээр орон нутгийн сонгуультай золгов. Ерөнхий сайдаас батламжаа гардаж авснаас зургаан сарын дараа М.Түмэнжаргал дарга ч үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв.
Энэ жилийн орон нутгийн сонгууль онцлог ихтэй ширүүн өрсөлдөөнтэй өрнөв
Монгол улсын саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн сүндэрлэсэн Монгол улсын шилдэг аймаг гэх Орхон аймгийг найман жил удирдсан аймгийн МАН-ын хороо нэгхэн суудлаар энэ сонгуульд илүүрхэж түүхэндээ байхгүй энэ тэнцүү суудлыг хоёр намд Орхончууд саналаараа өгч орхив.Сонгуулийн санал хураалт дуусхаас эхлэлтэй хоёр намын сонгуулийн хэтийдсэн маргаанууд хэдэн өдөр дамжин сошиал орчинд өрнөв. Анхны хуралдаанаасаа маргаан дагуулж эхэлсэн Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийг батламжлах хурал ирж буй дөрвөн жилийн өнгийг тодорхойлж орхив. Нэгээр илүүрхсэн МАН-ын бүлгээс оруулж ирсэн ирэх дөрвөн жилд Орхон аймгийн гүйцэтгэх засаглалийг толгойлох засаг даргын томилгоо нь намын бүлэгтээ ч тэр иргэд олон нийтэд ч тэр гэнэтийн байлаа. Сумын засаг даргаар удирдлуулаад энэ хот хөгжих үү гэх жиргээ ч сошиал орчинд өрнөөд амжив. Гэсэн ч түүнийг МАН-аас ирэх дөрвөн жилд Эрдэнэт хотыг удирдан чиглүүлэх засаг даргаар томилох шийдвэртээ итгэл төгс байгаагаа илэрхийлснээр Аравдугаар сарын 21-нд хуралдсан аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 51.3 хувийн саналаар аймгийн Засаг даргад Б.Зоригтбаярын нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилав.
2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар Б.Зоригтбаярыг батламжилснаар ийнхүү 2024 онд Орхончууд хоёр засаг даргын нүүр үзэв.
СЭТГЭГДЛҮҮД /0/