C°/C°
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд Зөвлөлийн гишүүн Д.Мөнхбат, А.Бумансор, Б.Мөнхдалай, Ц.Оргилболд С.Юмэнхүү нар оролцож, үнэт цаас буюу бонд гаргахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуульд зааснаар 100 мянгаас дээш хүн амтай, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймгууд тодорхой төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор үнэт цаас гаргах боломжтой юм. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж, төвлөрүүлсэн орлогоор
- Боловсрол, эрүүл мэндийн салбар болон төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн хөрөнгө оруулалт
- Тээвэр авто замын чиглэлээр улсын болон орон нутгийн чанартай авто замын барилга угсралт, шинэчлэл, өргөтгөл, их засварын төслүүдийн хөрөнгө оруулалт
- Хотын дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах чиглэлээр инженерийн шугам сүлжээг шинэчлэл, сайжруулалтад шаардлагатай төслүүдийн хөрөнгө оруулалт
- Спорт, аялал жуулчлал, хойд бүсийн тээвэр логистикийн төвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.
Үнэт цаас гаргаснаар орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах бөгөөд хамгийн чухал нь санхүүжилтээс шалтгаалж хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл удаашрахгүй байх, цаг хугацаа хэмнэх давуу талтай юм.
Уг асуудлыг энэ сарын 24-нд хуралдах аймгийн ИТХ-ын хурлын хуралдаанаар хэлэлцэж, дэмжих эсэхийг шийдвэрлэх бөгөөд дэмжсэн тохиолдолд төсвийн жил эхлэхээс дөрвөөс доошгүй сарын өмнө Сангийн яаманд үнэт цаас гаргах шийдвэрийн төслийг хүргүүлэх юм. Сангийн яамнаас холбогдох материалыг бэлтгэн Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх бөгөөд Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд эрх бүхий байгууллагад бүртгүүлж, үнэт цаасыг арилжаалах юм.
Үнэт цаасны арилжаагаар олох хөрөнгийн хэмжээг Засгийн газраас шинээр үүсгэх өрийн дээд хэмжээнд нийцүүлэн тогтоох бөгөөд хөрөнгийн хэмжээ тодорхой болсны дараа санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж батлах юм.






СЭТГЭГДЛҮҮД /0/